ЗҮҮН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

1 хоног
ЗҮҮН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Аймгийн Засаг дарга Ш.Ёл хичээлийн шинэ жилийн эхний өдөр Дорнод Политехник коллежид ажиллалаа.
Дорнод Политекник коллеж нь сүүлийн жилүүдэд бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн голлох салбаруудад шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн нийлүүлж, өдгөө төгсөгчдийн тоо 20 мянга гаруй хүрээд байна.
2025-2026 оны хичээлийн жилийг 28 мэргэжлийн чиглэлээр 1121 оюутан суралцагч, 133 багш ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс 483 оюутан суралцагч энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцаж байгаа юм.
Тус сургууль ХЭМАБ-н олон улсын OHSAS 18001:2007, ISO 45001:2018 стандартыг боловсролын байгууллагууд дундаасаа анхлан хэрэгжүүлэгч, МБС-ын салбарын “ЭКО ХОТХОН” хэлбэрээр анхлан хөгжиж буй сургууль юм.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл "Улс аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь ур чадвартай ажиллах мэргэжлийн боловсон хүчин юм.
Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны баримт бичгийн хүрээнд Монгол Улсын зүүн бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлал”-ын бүс болгож, хил дамнасан аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, тээвэр логистикийн салбаруудыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлоод байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг чиглэсэн автозамуудыг барих, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, БНХАУ-аас ОХУ-ыг холбох босоо тэнхлэгийн төмөр зам барьж, Европ-Азийг холбох транзит тээврийн шинэ гарцыг бий болгохоор төлөвлөж, ирэх жилүүдэд эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий их бүтээн байгуулалтууд эрчимтэй хөгжих юм.
Иймд Монгол Улсад хөдөө аж ахуй, эрдэс баялаг, аж үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ, техник-мэргэжлийн боловсрол олгох сургуулиудын эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул мэргэжлийн боловсрол олгож, мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олгох тал дээр онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй.
Энэ сургуулиа түшиглэн Зүүн бүсэд хэрэгжих бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг ихээр бэлтгэхэд бодлогоор дэмжиж ажиллахаар төлөвлөсөн.
Тухайлбал "Нутгийн ирээдүй" сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох төслийг энэхүү бодлогод уялдуулж хэрэгжүүлнэ гэв.