Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
 
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр (2024.04.08) “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын цаг үеийн мэдээлэл”, “Цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт” -ийн талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв.
 
Үүнд :
1.Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдад зөвлөн туслах, хөдөлгөөнт эргүүл, байнгын постуудыг үр дүнтэй ажиллуулах, байгаль орчны холбогдох байгууллагуудыг оролцуулсан хөдөлгөөнт эргүүл хийх хуваарийг батлуулж, удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
2.Халхгол сумаас ажлын хэсэг гаргаж, Буйр нуурын эрэг орчмын экосистемд үзлэг тандалт хийх ажлыг зохион байгуулах, усны бохирдлыг хэмжих, шаардлагатай бол цэвэрлэгээ, ариутгал хийх ажлыг зохион байгуулахыг Халхгол сумын Засаг даргад, удирдлага, зохион байгуулалтаар ханган хяналт тавьж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
3.Хаврын мод тариалах ажлын хүрээнд үр, үрсэлгээ бэлтгэх, борлуулах, өрх, иргэдийг хөрс, бордоогоор хангах зэрэг зохион байгуулалтын ажлыг “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэрлэн сумын Засаг дарга нарт,
 
4.Улиас мод үрээ хаяж эхлэхээс өмнө бэлтгэл хэрхэн хангах ажлын саналыг энэ 7 хоногт багтаан танилцуулахыг Хэрлэн сумын Засаг дарга, “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нарт,
 
5.Орчны бохирдол, хог хаягдлын талаар ажлын хэсэг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдэд үзлэг зохион байгуулах, улсын байцаагч ажиллуулах, шаардлагатай газруудад албан шаардлага хүргүүлж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад, байгууллага бүр ойр орчмын цэвэрлэгээ хийх, албан шаардлагыг биелүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
 
6.Зам засварын ажлыг яаралтай эхлүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад,
 
7.Төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн дугаар жигдрүүлэлт болон орчны цэвэрлэгээний талаар мэдээлэл тавихыг аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хэрлэн сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.