Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах хэлэлцүүлэг боллоо

3 долоо хоног
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах хэлэлцүүлэг боллоо
 
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Аймгийн дунд хугацааны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах” ажлын хэсэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх /SECiM/” төсөл хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн дунд хугацааны бодлого боловсруулах” хоёр өдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 100 гаруй хүнийг хамрууллаа.
 
Эхний өдрийн хэлэлцүүлэгт нийгмийн салбарынхан, хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт эдийн засгийн салбарынхан оролцож, бүлэгт хуваагдан хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх бодлогод хэрхэн оновчтой тусгах талаар хэлэлцэв.
 
Аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Ёл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг төрийн бодлогын түвшинд бүх салбартай шаардлагатай байгаа нь Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд харагдаж байна. Тоон мэдээллээс харахад Дорнод аймагт мэргэжлийн ажиллах хүчин дутмаг байгаа учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, дунд хугацааны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулж, аймгийн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн балансыг барьж ажиллах шаардлага байна. Иймээс хэлэлцүүлэгт оролцож буй төрийн байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчид та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх”-ийг хүслээ.
 
Хоёр өдрийн туршид зохион байгуулагдсан хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэгтээ нэгтгэн боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.