Улсын Онцгой комиссын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/249 дүгээр тушаалын хүрээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх” өдөрлөгийг өнөөдөр манай аймагт зохион байгууллаа.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 10,542 тохиолдол бүртгэгдсэн, мөн Дорнод аймагт 23 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 4.9 хувь нь дархлаажуулалтын насанд хүрээгүй, 7.8 хувь нь нэг тунтай байгаатай холбогдуулан хариу арга хэмжээг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд уг өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Энэ үеэр 0-15 насны, товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулах, дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилго бүхий сурталчилгаа, мэдээлэл түгээх үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал болон сум, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн төлөөлөл өргөн хүрээгээр оролцов. Мөн Хэрлэн сумын 3 Өрхийн эрүүл мэндийн төв болон 13 сумын эрүүл мэндийн төв идэвхтэй хамтран оролцож, дархлаажуулалтын ажлыг газар дээр нь зохион байгуулав.