“Баялаг бүтээгчдээ сонсох өдөр”-ийн хүрээнд...

2 сар
“Баялаг бүтээгчдээ сонсох өдөр”-ийн хүрээнд...

Орон нутгийн баялаг бүтээгчдийн санал санаачилгыг сонсож, аймаг орон нутгийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих замаар төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой “Баялаг бүтээгчдийг сонсох өдөр”-ийг сар бүрийн 5-нд зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн барилга, авто зам зэрэг салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтанд барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралт, авто зам, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий 30 орчим хүн оролцож, үйл ажиллагаа явуулахад тулгардаг хүндрэл бэрхшээлүүдээ хэлсэн юм.
Тухайлбал барилгын салбарт ажиллах хүч хомс байгаа бөгөөд чадварлаг боловсон хүчнүүд орон нутагтаа ажиллахгүй байгаа тухай тэд хэлж байна.

Мөн барилгын бригадуудыг бүртгэлжүүлж, нэгдсэн мэдээлэл бүхий программыг бий болгосноор ажил олгогч компаниуд ажилчдаа сонгох боломжтой болох бөгөөд ингэснээр хариуцлагын тогтолцоог сайжруулах таатай орчин бүрдэх тухай саналыг ч дэвшүүлсэн юм. Үүний зэрэгцээ мэргэжлийн ангийн оюутнуудыг зуны цагт барилгын талбайд ажиллуулах боломжийг бүрдүүлж, цахилгааны мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, тендерийг эрт зарлах, бүс нутгуудад туршлага солилцох уулзалт сургалтанд хамрагдах зэрэг хүсэлтээ уламжиллаа.

Сүүлийн жилүүдэд орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нэмэгдэж байгаа нь компаниудын хувьд орлогоо нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаад тэд талархлаа илэрхийлсэн юм.