ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх А.Р.Базархандаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

3 долоо хоног
ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх А.Р.Базархандаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол-Оросын найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол улсын Засгийн газрын байгууллагуудтай хамтран Халхын голын дайны Ялалтын ойн хүрээнд “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдэд-2019” арга хэмжээг Дорнод аймагт 2019 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагааг зохион байгуулах Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Халхын голын дайны Ялалтын 80 ойг тохиолдуулан хоёр орны хамтарсан олон үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан талаар дурдаад Дорнод аймагт ажиллаж байгаа төлөөлөгчдөд талархал илэрхийлж дараах салбаруудад хамтран ажиллах талаар санал танилцууллаа. Уулзалтын үеэр хоёр орны хамтарсан Соёлын хөтөлбөр, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Орос номын тасгийг орон нутгийн Төв номын санг түшиглэн байгуулах, Дорнод аймгийн эмч нарыг богино хугацаагаар сургалтад хамруулах, Сувилагчийн чиглэлээр оюутан сургахад дэмжлэг үзүүлэх зэрэг хамтран ажиллах саналуудыг танилцуулсан юм.

Чойбалсан хотод Орос хэл, соёлын өдрүүдийг зохион байгуулах бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцоно.Тус хэмжээний хүрээнд явагдах орос хэлний Олимпиадад ялагчаар тодорсон 6 сурагчдад ОХУ-ын их дээд, сургуульд тэтгэлгээр суралцах “Эрхийн бичиг”, шилдэг багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах “Эрхийн бичиг”-ийг тус тус шагнах юм. Орос хэл, оросын соёлын баярын хүрээнд орос дуу, шүлгийн уралдаан, орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион явуулахаар төлөвлөжээ.