Уул уурхайн салбарын Зүүн бүсийн зөвлөгөөнд Дорнод аймгийн Засаг даргын хэлсэн үг

1 сар
Уул уурхайн салбарын Зүүн бүсийн зөвлөгөөнд Дорнод аймгийн Засаг даргын хэлсэн үг

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн бид бүс нутгийнхаа хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж байх нь хамгаас чухал байна.

Монгол улсын Хөгжлийн хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж, байгаль орчинд халгүй, бүс нутаг орон нутгийн хөгжлийг дэмжсэн, ард иргэдэд өгөөжтэй хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх талаар бид олон ч жил ярьсан.

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас уул уурхайн салбарт үүсээд буй зарим ноцтой алдаа дутагдал, сөрөг нөлөөллийг арилгаж, байгальд хор хөнөөлгүй, ард иргэддээ өгөөжтэй, хууль тогтоомжийг чанд мөрдсөн хариуцлагатай байх зарчмыг тогтоохын төлөө тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхлээд байгаа энэ цаг үед энэхүү зөвлөгөөнийг ашигт малтмал, газрын тосны нөөцөөр баялаг зүүн бүс нутагт зохион байгуулж байгаа нь цагаа олсон чухал арга хэмжээ болж байна гэж үзэж байна.

Эдийн засгийн ухаан бол хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээг эх дэлхийнхээ хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн зөв зохистой хангах вэ гэдгийг судалдаг ухаан байдаг.
Газрын доорхи болон газрын дээрх байгалийн баялагийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй, хүн арддаа өгөөжтэйгээр ашиглах учиртай. Нөхөн сэргээгдэхгүй баялаг болох газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлон ашиглахдаа Монгол төрийн албан тушаалтан бүр, аж ахуйн нэгж бүр, нутгийн иргэн бүр ухаалаг байх ёстой. Дэлхийн дулаарлын улмаас цаг агаар эрс өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд асар олон гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэж, байгаль орчин доройтож байна. Зуны цагт гэхэд л өдөртөө хэт халж, шөнөдөө хэт хүйтэрч өдөр шөнийн температурын зөрүү нэмэгдэн цөлийнхтэй адил уур амьсгал нүүрлэж эхэллээ.

Өнөө энэ цаг үе биднээс асар өндөр хариуцлагыг шаардаж байна. Байгалийн баялагийг ашиглахдаа бид ирээдүй үр хойчоосоо зээлэн зээлэн ашиглаж байгаа гэдгээ цаг ямагт бодож тунгааж явах учиртай.

Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс нэмэгдэж байна. Дорнод аймагт ч мөн адил нэмэгдэж байна. Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан Хөгжлийн хэтийн зорилтод нэгэнтээ тусгагдан батлагдсан уул уурхайн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийг бид дэмжиж ажиллана. Гагцхүү бид олборлох үйл ажиллагааг байгальд сөрөг нөлөөгүйгээр, хүн ардад өгөөжтэйгээр ашиглахыг хатуу шаардана.

1990 оноос өмнөх нийгмийн үед Монголчууд яагаад одоогийнх шиг уул уурхайг ингэтлээ их эсэргүүцдэггүй байсан юм бол. Тухайн үед бидний сайн мэдэх Эрдэнэт үйлдвэр, Багануурын уурхай, Бэрхийн уурхай, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг ашиглаж эхлэхээсээ өмнө уул уурхаын бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр зам, авто замаа бүрэн шийдвэрлэж, нийгэм соёлын нэгж Эрдэнэт хот, Багануур хот, Бэрх тосгоныг шинээр байгуулсан бол манай аймагт л гэхэд Адуунчулууны уурхайгаас Чойбалсан хот доторхи Дулааны цахилгаан станц хүртэлх хатуу хучилттай автозамаа барьсны дараа нүүрсээ тээвэрлэж эхлэн, өнөөг хүртэл нутгийн олон зуун иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Эрдэнэт хотод Чойбалсан хотод яагаад Хивсний үйлдвэр байгуулсан юм бол гэж Та бүхэн бодож үзсэн үү. Хонины ноос ихтэйдээ биш уурхай, цахилгаан станц, мах комбинатад эрчүүд голдуу ажилладаг тул тэднийхээ гэр бүлийг ажлын байраар хангахын тулд байгуулсан болов уу. Бид хүн ардаа хөгжлийн бодлогынхоо төвд тавих ёстой биздээ.

Эдгээрийг яагаад дурьдав гэвэл бид уул уурхайг дэмжин хөгжүүлж болно оо, гэхдээ бодлого төлөвлөлтийн дагуу байгаль ээж, хойч үеэ бодож, ард иргэд, улс орондоо өгөөжтэйгээр, ухаалгаар хариуцлагатайгаар хөгжүүлэх хэрэгтэй байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн, ажлын байр нэмэгдүүлэн, түүхийгээр нь экспортлох бус аль болох боловсруулах үйлдвэр барьж байгуулах шаардлагатай байна.

Иймд зүүн бүс нутагт боловсруулах үйлдвэрүүд, металлургийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр зам, авто зам, эрчим хүч дэд бүтцийг хэрхэн шуурхай барьж байгуулахыг тооцоолсон бодлого чухал байна.

Аливаа зүйл эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Уул уурхайн олборлолт нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэх, төсөвт орох орлого сайжрах, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын орлого нэмэгдэх зэрэг сайн талууд байгаа ч гүний усны нөөц хомсдох, хөрс ургамал талхлагдах, бэлчээр хомсдох, тоосжилт нэмэгдэх, ан амьтан дайжих зэрэг сөрөг талууд гарсаар байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлоход, ашиглахад, тээвэрлэхэд байгальд үзүүлэх сөрөг нөлөө нь өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачааг тээвэрлэхэд авто замын асуудал хамгийн чухал байдаг бол алт, зэс, цайр, тугалга зэргийг олборлоход гүний ус ихээр хэрэглэдэг, химийн хортой бодис ашигладаг зэрэг байгаль орчиндоо сөрөг нөлөөтэй байдаг.

Иймд ашигт малтмалын орд, талбай тус бүрээр бүрээр мөн бүс нутгаар нь бүхэлд нь харж тооцсон төрийн зөв бодлого хамгийн их үгүйлэгдэж байгааг нуух юун.

Үүнийг бид хамтдаа л шийдвэрлэнэ. Ашигласан тохиолдолд уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлнэ. Эсхүл бүр ашиглахгүй байх гэсэн хоёр л сонголтоос бид аль нэгийг л сонгох нь мэдээж.

Уул уурхайн салбарт гарч буй алдаа дутагдлын ихэнхи нь Монгол төрийн дээд шатнаас дунд болон анхан шатаа хүртэл төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа, хяналт тавьж байгаа төрийн зарим албан хаагчид, мөн ухамсар мөчид зарим иргэн, аж ахуйн нэгжүүд л холбогдоно.

Иймд тодорхой хэдэн саналыг дэвшүүлье.

1. Уул уурхай, газрын тосны олборлолт ашиглалт явуулж болох болохгүй, шаардлагатай шаардлагагүй газар орон, бүс нутаг, аймаг, сум, багийг тодорхой болгон зааг, хил тогтоож өгье. Бидний урд хөрш гэхэд ихэнхи уурхайг жижгээс нь эхлээд хааж байна шүү дээ.
2. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө тухайн орон нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайтар судалж дүгнэлт гарган, ард иргэдийн саналыг заавал авдаг байя. Байгаль орчинд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг, хамгийн их асуудал дагуулдаг эдийн засгийн том салбар болох уул уурхайн салбар аймаг орон нутагт хариуцсан нэгж, алба байхгүй байгааг нэн даруй өөрчилж, аймаг орон нутагт агентлаг байгуулах.
3. Тусгай зөвшөөрөл гэх сайхнаар хэлбэл үнэт цаас саараар хэлбэл А4-ийн хатуу цаасыг олгоод л орхих бус Монгол улсын хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг ягштал мэдүүлж мөрдүүлэн, уурхайн мөчлөг бүрийг ойлгуулж тайлбарлах шаардлагатай байна. Зайлшгүй сургалтад сууж, сертификат авсных нь дараа лицензээ олгодог ч байх хэрэгтэй болж байна. Зөвхөн лиценз гэсэн тэр л эрхийн бичгийг авснаараа бүх зүйл шийдэгдэж байгаа биш шүү дээ, үүний дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн батлуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, ус ашиглах, газар ашиглах гэрээ байгуулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, бүтээгдэхүүн тээвэрлэх автозам барих, барилгын ажлын зөвшөөрөл авах гээд шат дараалсан олон ажил байдаг. Үүрэн телефоны компаниудад борлуулалтын дараахь үйлчилгээ гэж байдагтай адил, Банкууд олгосон зээлээ сар бүр тогтмол хянадагтай адилаар манай төр засаг ажиллах учиртай. Барилгын ажлын тендерт цүнхтэй л нэг компани шалгаруулчихлаа гэдэгчлэн чадавхгүй аж ахуйн нэгж байгаль орчинд ямар их хохирол учруулахыг бид мэдэж байгаа. Ихэнх лиценз эзэмшигч нар амар хялбар аргаар, түргэн түүхий эхлүүлж, аль болох хямд зардлаар их ашгийг хурдан хугацаанд олохыг завдаж байгаа нь нууц биш шүү дээ.
4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд зайлшгүй батлах, шаардлага хангаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэдгийг мэдэгдэж, хариуцлага тооцох, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авч байх.
5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нийгэм, эдийн засгийн үнэлгээтэй хамт хийж байгальд сөрөг нөлөөгүй, ард иргэд, нутаг оронд өгөөжтэй гэж дүгнэсэн тохиолдолд л уул уурхайн олборлолтыг эхлүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй.
6. Ажиллахаар болсон тохиолдолд боловсон хүчнийг Монгол иргэд, тухайн бүс нутаг, аймаг, сумаас нээлттэй ил тод сонгон шалгаруулж авах. Цалин хөлс, амьдрах орчин нөхцөлийг стандартад бүрэн нийцүүлэх. Тухайн олборлогч компанийн нийт зардлын ихэнхийг ажилтан, ажиллагсдын цалинд зарцуулах зэрэг шаардлага, эрх зүйн актуудыг батлах, мөрдүүлэх. Зарим гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол ажилтны квот бага байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Миний санаж байгаагаар социалист нийгмийн үед уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад Зөвлөлтийн цөөн тооны мэргэжилтэн зөвлөх л байдагсан.
7. Туслан гүйцэтгэх ажлыг зайлшгүй ил тод нээлттэй зарлан шалгаруулж хэвших.
8. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулиудад яаралтай өөрчлөлт оруулж, рояалти буюу байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн ашиглалт явагдаж буй аймаг, суманд хуваарилах ёстой. Энэ бол шударга ёс юм. Монгол улс хэдий нэгдмэл улс бөгөөд нэгдсэн төсөвтэй хэдий ч газрын хэвлий доорхи байгалийн баялагийг нь хэдэн зуун автомашин, вагоноор тухайн нутагт хэчнээн үеэрээ амьдран суусан иргэдийн нүдэн дээр нь өдөр бүр зөөсөөр байхад сум орных нь хөгжил өөдлөх битгий хэл улам бүр уруудсаар байгаад бухимдсан ард иргэдийн хүчтэй эсэргүүцлийг хэн ч буруутгаж чадахгүй.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье