Аливаа баялагийн анхны эх булаг болох газар нь байгалийн үндсэн  бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүн төрөлхтөний хөгжил дэвшилд чухал үүрэгтэй юм. Зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед газрын асуудал улам ч их анхаарал татах болсон.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөн гурван ч удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлт орсон.
Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх тухай хүсэлт материалыг хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч ажиллаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 14867 иргэнд 2209.2 га буюу аймгийн нийт хүн амын 20 хувьд газар өмчлүүлэн газар өмчлөлийн ажил хэвийн түвшинд явагдаж байна.
Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 184.9 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөж /22.8 га талбай нь одоо эзэмшилд байгаа газар, 160.7 га

талбай нь шинээр өмчлүүлэх газар, 1.4 га талбай нь улсын чанартай замын дагууд өмчлүүлэх газар/ өнөөдрийн байдлаар 1533 иргэнд 110.2 га газар өмчлүүдээд байна.
Газөр өмчлүүлэх шийдвэрийг сумдад сумын Засаг дарга, аймгийн төвд сумын Засаг дарга иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч хянан аймгийн Засаг даргад өргөн мэдүүлснээр, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн шийдвэр гаргадаг.
Иргэд өмчилж авсан газраа бусдад шилжүүлж, банк санхүүгийн байгууллагад барьцаалж, ашиглуулж болно. Шилжүүлэх, ашиглуулах тохиодолд харьяа Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой.
Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь нэгдүгээрт үнэгүй, хоёрдугаарт  байршил нь зөвхөн хот суурин газарт өмчлүүлэхээр заасан байдаг. Иймээс тариалангийн талбай болон атаршсан газарт газар өмчилж авахыг хүсвэл дуудлага худалдаа авах боломжтой.
Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт, харин хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авах эрхтэй юм.
Газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд “Газрын төлбөрийн тухай хууль”-д зааснаар газрын төлбөр төлнө. Харин газар өмчлөгч иргэн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлнө.
2008 онд газар өмчлөлийн хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрх зүйн акт бүрсэн тул өмнө нь газар өмчилж авсан байсан /өмчлөлийн газраа худалдсан, бэлгэлсэн/ гэр бүл тус газраа  өмчлөх эрхийг гэр бүлийн аль нэг гишүүнд шилжүүлэн бусад гишүүд шинээр газар өмчилж авах боломжтой болсон. Үүнд дараах материалуудыг бүрдүүлнэ.
1  Газар өмчилж авахыг хүссэн өргөдөл
2  иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3   оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
4   хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг;
5   өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсвэл аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн эх хувь;
6  өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдийн харилцан тохиролцож байгуулсан “Газар өмчлөх эрх шилжүүлэх” гэрээний эх хувь 7  гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
8   гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь гадаадад оршин суугаа, хорих ял эдэлж байгаа, цэргийн алба хааж байгаа зэрэг газар өмчлөх эрхээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй насанд хүрсэн иргэний эрх бүхий этгээдээр гэрчлүүлэн олгосон итгэмжлэл (Итгэмжлэлийн загварыг энэхүү гарын авлагын хавсралт /4/-аас үзнэ үү);
9   итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *