Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашигладаг байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их),  20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Манай улсын нийт нутгийн 50 гаруй хувьд цастай, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3,

Баян-Өлгийн Даян/Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх/Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,31 г/см3,

Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-45 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт цастай байна.

Үүнээс Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг бүхэлдээ, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй,

Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.

Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатайг тус газраас анхааруулж байна.

Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй бөгөөд өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргажээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *