Өнөөдөр хуралдаж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар Дорнод аймгийн багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийг хэлэлцэн, баталлаа.

Тус хөтөлбөрийг аймгийн Засаг даргын энэ оны А/406 тоот захирамжаар байгуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, ахмад болон залуу багш нарын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг боловсруулсан юм.

Хөтөлбөрийг Боловсролын тухай хууль, холбогдох бусад бичиг баримт, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, 2030 он хүртэлх төсөөлөл, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн багш нарын санал хүсэлт, хөгжлийн хэрэгцээ, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулсныг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд уламжилсан юм.

Дорнодын багш нарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн хэрэгцээг тодорхойлох 25 асуулга бүхий судалгаанд суурилан хөтөлбөрийг боловсруулжээ. Судалгаанд аймгийн боловсролын салбарын нийт багш нарын 96% буюу 1209 багш хамрагдсан байна.

Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа багш нарын мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлага, судалгаа шинжилгээний цогц бодлогыг хэрэгжүүлж,  өөрийн улсдаа төдийгүй гадаад оронд жишиг болохуйц арга зүй, инноваци, шинэ технологи  нэвтрүүлэх зорилго тавьж байна.

Хөтөлбөрийг 2017-2019 оны хичээлийн жил дуустал гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд дараах дөрвөн зорилтын хүрээнд 28 чиглэлийн үйл ажиллагааг  төлөвлөн тусгажээ. 

Нэг. Аймгийн багш нарын судалгаа, мэдээлэлийн сан бүрдүүлж, судалгаанд суурилсан багшийн хөгжлийг дэмжинэ

Хоёр. Багшийн хөгжлийг дэмжих олон талт ажлыг зохион байгуулж, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, багшийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлнэ

Гурав. Багшийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтран үе шаттай дэмжлэг үзүүлнэ

Дөрөв. Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, Дорнодын боловсролын үнэ цэнэ, зах зээлийг тодорхойлон гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *