Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

Тус хөтөлбөрийг Монгол Улсын хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Газар тариалангийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулжээ.

Сүүлийн жилүүдэд хүнсний ногоо тариалах талбай, ургац хураан авалтын хэмжээ эрс буурч байгаа нь байгаль цаг уурын нөхцөлөөс гадна тарианланчдын хүрэлцээ, дадлага, туршлага, төрөөс энэ салбарт үзүүлэх дэмжлэг дутмаг байна гэж үзсэн учир МУ-ын Засгийн газраас Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийг боловсруулан, батласан.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгууд дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Энэ дагуу хөтөлбөрт санал  авах уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрөгч 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ХХААГ-аас ногоочдын дунд зохион байгуулсан. Уулзалтад аж ахуй нэгж, Агро парк, өрхийн тариаланчид оролцож, тэднээс гарсан саналыг хөтөлбөр боловсруулахад тусгажээ.

Дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцож байна.

Аймагт “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч ахалж, Нарийн бичгийн даргаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдад сумын Засаг даргын орлогч ахлах бөгөөд  хөтөлбөрийн ирэх оноос эхлэн 2022 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Манай аймгийн тухайд 2015 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 31.1 хувь хангадаг байсан бол энэ онд 13.2 хувь болж буурчээ.

Учир нь аймгийн хүн амын өсөлтөд тулгуурлан тооцоход жилд 4612,9 тн хүнсний ногоо  хэрэгцээтэй бөгөөд түүнийг нөөцлөхөд мөн ийм хэмжээний хадгалах зоорь, агуулах шаардлагатай. Аймгийн  хэмжээнд 3218,7 тн багтаамжтай 487 ширхэг зоорь байдгийн 70 орчим хувь нь аймгийн төвийн аж ахуй нэгжүүдэд байдаг ч  дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй хэмжээнд хүрээд байгаа аж.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *