Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдөр дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулдаг.

Тус өдрийг энэ жил “Би сэргийлж чадна, харин Та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай аймаг энэ өдрөөр ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал,

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ТББ-уудын уулзалт, ярилцлага,
  • Аймгийн Эрүүл мэндийн газраас БЗХӨ болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт,
  • Оюутан залуусын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод их сургууль, ДПК, МСҮТ-ийн оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээн,
  • ЕБС-ийн сурагчдын дунд “ДОХ-гүй ирээдүйн төлөө хамтдаа” зохион бичлэгийн уралдаан
  • БОЭТ-ийн ДОХ/БЗДХ-ын кабинет 11-р сарын 30, 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд 08.00-19.00 цаг хүртэл ажиллаж, сайн дурын үзлэг, шинжилгээ хийж байна.

Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын 45 тохиолдол бүртгэгдсэний 5 нь энэ онд нас барсан харамсалтай мэдээ байна.

Түүнчлэн НҮБ-ын хийсэн тооцооллоор манай улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 457 хүн байх магадлалтай аж.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдож, цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна.

Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм.

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байгаа ажээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *