Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлаж, анхны үндсэн хуулиа баталж, Монгол улсын тусгаар тогтнолоо зарлан тунхагласны  93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээ өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Монгол улсын иргэний андгай өргөх үйл ажиллагаанд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М. Бадамсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр нар оролцлоо.

Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авахаар хүрэлцэн ирсэн  хүүхдүүддээ хандаж аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М. Бадамсүрэн баярын мэндчилгээг  дэвшүүлж хэлсэн үгэндээ “Иргэний андгай өргөж буй нийт хүүхдүүддээ эх орондоо ихийг бүтээх Зөв Монгол иргэд болоорой гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье” гэв.

 МУ-ын Үндсэн хуулинд заагдсан эрхийн дагуу 16 насанд хүрч иргэний андгай өргөхөөр, иргэний үнэмлэхээ гардан авахаар 21 сурагч андгай өргөх ёслолын ажиллагаанд оролцсон юм. Иргэний андгайг ЕБС “Flover” сургуулийн 12А ангийн сурагч Ц.Анужин  уншиж дуудав. “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээнд хүрэлцэн удирдлагууд  өнөөдөр 16 нас хүрч иргэний андгай өргөсөн 21 сурагчдад тусгаар тогтносон Монгол улсын иргэний үнэмлэхийг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *