Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн дагуу аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах оюутан, залуусыг зуны амралтын хугацаанд түр ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ажлын гараа”, “Сумын залуус” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Оюутан залуучуудыг дэмжих төсөл “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд Аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Сумдын ЗДТГ-тай хамтран одоогоор Дорнод нутгийнхаа 79 оюутан залуучуудыг ажлын түр байраар хангаад байна. Цаашид илүү олон оюутан залуучуудыг түр болон байнгын ажлын байраар хангах тал дээр анхаарах чиглэлтэй ажиллах юм.
Одоогоор түр ажлын байраар хангагдаад байгаа 79 оюутан залуучуудаас
1. Найман оюутан Хөдөлмөрийн яамны “Ажлын гараа” төслийн хүрээнд Мандалговь /Дундговь/ чиглэлд тавигдаж буй хурдны замын бүтээн байгуулалтанд оролцож байна. Цалин 700.000 төгрөг /Байрлах байр, унаа, хоолыг ажил олгогч “Монголын Хурдны зам” ХХК хариуцан ажиллаж байна./ 2013 оны 08 дугаар сарын 14-нд ажил нь дуусна.
2. “Ажлын гараа” төслийг хэрэгжүүлэхээр 15 оюутан, 2 зөвлөх багш нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг Баян-уул сумын 3 дугаар багийн нутаг “Доод Найнги” хэмээх газар тэргүүний залуу малчин Х.Цэнджаргалыг сонгон өрх гэр бүлд зориулан оршин суух тохижилтын стандартыг хангасан жишиг өвөлжөө барих ажлыг хийж эхлүүлээд байна. Ажлын гараа төсөлд хамрагдах оюутан залуучууд нэг сарын хугацаанд 500,0 мянган төгрөгийн цалинтай ажиллана.

3. /56/ оюутан “Сумын залуус” төсөлд 14 суманд 56 оюутнууд англи хэл, мэдээлэл зүй, жижиг дунд бизнесийн мэргэжлийн зөвлөгөө өгч сургалт хийх, сумын эмнэлгийн ажилд тусалж нийгмийн ажил зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байгаа юм. Дээрх хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын сарын ажлын цалин хөлс болох 200,0 мянган төгрөгийг Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлэх болно.

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт  “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд нь Улс, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *