Малчдад өгөх зөвлөмж

Малчин

Манай малчид мал малгааны арвин баялаг туршлагатай, амьдралын хат, малч ухааны бяд суусан хүмүүс билээ. Сүүлийн жилүүдэд малчид нэлээд залуужиж мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүний нөөцийн чадавхи сайжирч байгааг тэмдэглэж байна. Цагийн хатууг гэтлэн давахад тань чин сэтгэлийн дэм болгон эрдэмтэн мэргэжилтэн, туршлагатай ахмад ажилтан, малчидтай хамтран бэлтгэсэн энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Нэг: Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар
-Хүн бүр өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарах.
-Цаг агаарын бэрхшээл, отор нүүдлийн үед дулаан хуваслаж осгох, хөлдөхөөс сэргийлэх.
-Ахмад настан, жирэмсэн, нярай хүүхэдтэй эхийг аль болохоор гэр болон төв суурин газарт байлгах, отор нүүдлээр явуулахгүй байх.
-Үхсэн малын сэг, зэмтэй болгоомжтой харьцан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж халдваргүйжилт хийх.
Хоёр: Малчдын аюулгүй байдлын хангах талаар
-Боломжтой бүх аргаар түлшний мод, нүүрс, хөрзөн, аргал нэмж нөөцлөх.
-Бага насны хүүхдийг малын хариулга маллагаанд явуулахгүй байх.
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол ашиглан цаг агаарын тааламжгүй үед мал сүргээ ойрхон бэлчээрт хариулах.
-Найдвартай унаа, морь, тээврийн хэрэгсэл байнга бэлэн байлгах.
-Шаардлагатай үед хүн, малд тусламж үзүүлэх эмийн сантай байх.
Гурав: Мал сүргээ онд мэнд оруулах талаар
-Өвөлжөө,  бууц болон хэвтрийн дулаан хуурай байлгах.
-Малчин өрх бүр өөрийн малын тоо толгойд таарсан хадлан тэжээл бэлтгэх
Хашаа хороог хунгар цасанд даруулахгүйн тулд саравчны ард 15-20 метрийн зайтай 3-4 давхар хаалт хийх, саравчны дээд талд хоорондоо 5-7 метрийн зайтай дарцаг 3-4-ийг босгох, /Дарцагны хийсэлтийн нөлөөгөөр цас хол унадаг/
-Хонь хотлох хашааны дотор баруун, зүүн хойд хэсэгт нүх ухаж хөлдсөн хоргол, нойтон шар бууц дүүргэн дарж овоолоод хонио хотлуулан хэд хоноход хөлдүү нь гэсэн. Энэ үед буцааж тараана. Бууцаар аль болох цөөхөн овоо хийвэл дулаанаа сайн барьж хатна. Бууц хатаах нүх нь 70-70см гүн, өргөн, уртаараа нэг метр, хоорондоо 3-4 метрийн зайтай байна. Ийм нүхэнд хатаасан 16-18 ам метр талбайд хүрэлцдэг.
-Цас ихтэй үед салхины зонхилох чиглэлийн дагуу хоорондоо 10 метр зайтай цасан хороог 2-3-ыг барьж хаалт болгох.
-Жавар ихтэй үед утаа, май тавьж, хашаа, пүнзний цан хүүргийг арилгах.
Дөрөв:Орон нутгийн  нөөц ашиглаж бэлтгэх тэжээл
Байгалийн хадлан бэлтгэх нь Малчдын маань бэлтгэж ирсэн тэжээлийн гол төрөл нь хадлан бөгөөд бэлтгэх технологи нь энгийн учир хийхэд төвөг багатай ажил юм. Өнөөдөр нийт бэлтгэж байгаа тэжээлийн 65 хувийг, тэжээлийн нэгжийн 90 гаруй хувийг хадлангийн өвс эзэлдэг.
Ойт хээрийн бүсэд хадах зохистой хугацаа нь 7 дугаар сарын сүүлчээс 8 сарын төгсгөл хүртэлх 30-35 хоног байдаг хэрэв дурьдсан хугацаанаас эрт эсвэл оройтож хадвал га тутмаас 4.6-7.8 ц/га өвс авах боломж алддаг. Харин хадланд 3 талбай бүхий 3 жилийн сэлгээг нэвтрүүлэх нь ургамалд, өсөлт хөгжилтөө хэвийн явуулж нөхөн сэргэлтэндээ шаардагдах нөөц тэжээлийн бодисыг хуримтлуулах боломж олгон улмаар хадлангийн талбайг доройтолд оруулахгүйгээр олон жил ашиглах нөхцөл бүрдүүлдэг.
Таана, хөмүүлийн зоодой:  Зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 20 хүртэл хугацаанд таана, хөмөөлийг түүж аваад хэрчих буюу маншиндаж шүүсэнд нь  барьж зоодойлно. Эсвэл хоёр шанага таананд 200-250 гр гурил буюу хивэг, аарц, 5-6 хоолны халбага нунтаг давс буюу  хужир хийж 20-50 граммын хэмжээтэй дугуй зоодой хийж сүүдэрт хатаана. Ингэж бэлтгэсэн зоодойг хуурайгаар нь буюу халуун усанд хийж хандалж өгөхөөс гадна өвс, сүрэл бусад тэжээлтэй хольж үнэртүүлж өгвөл мал тэжээлд амархан орно.
Халгай: Халгайг ургаж эхлэх үеэс нь наймдугаар сарын дунд үе хүртэл хугацаанд гар хадуураар хадах буюу намхан тачир үед нь хайчилж аваад витаминт шимт тэжээл бэлтгэнэ. Дөнгөж ургаж байгаа халгайг түүж хэрчээд нэг кг тутамд 10-20 г давс буюу хужир, 100-150 г хивэг хийж янз бүрийн хэлбэртэй хэвэнд нягт шахаж сүүдэрт хатаана.  Мөн халгайг хэрчиж жижиглээд сүүдэр газар дэлгэж хатаана. Ингэж бэлдсэн 2 кг халгай тутамд 10л ус хийж 30 минут орчим буцалгаж таглан 1-2 цаг хучиж дулаан байлгасны дараа марлиар хандыг шүүнэ. Халгайн ханданд  хоолны давс нэмж уусгаад хурга ишгэнд 30-50 гр, унага, тугалд 50-100 гр-мыг өдөрт 3-4 удаа өгнө.
Агины ханд: Агь нь уураг, тослог, ихтэй тэжээлийн сайн чанарын ургамал юм. Агийг 7-8 дугаар сард хураан авч ногооноор нь хатаана. Ханд хийхдээ 10л усанд хоёр дундын шаазан буюу 200-300 гр хэрчиж жижиглэсэн агь хийж хүрэн, бор өнгөтэй болтол буцалгаж хандална. Турж эцсэн хонь ямаанд өдөрт 0.5-1 литрийг өгөхөд амархан тэнхэрнэ.
Мангирын сорс: Мангирын сорсыг есдүгээр сард бэлтгэнэ. Мангирыг түүж жижиглэн хэрчээд аарцтай хольж 10 кг-д 0.5 кг орчим нунтаг давс хийж гүзээ, тулманд даршилж болно. Халуун усанд хандалсан сорсыг жилбэ муутай буюу ядарсан төлөг борлонд хоолны халбагаар өдөрт нэг удаа өгнө.
Модны навч: Хус, улиас, хайлаас, бургас, бүйлс, зэрэг навчит модны навчийг шарлаж унасны дараа түүн авч шуудайлан хадгалж малын тэжээлд нөөцөлнө. Навчийг малд өгөх өвсний 20-30 хувьд оролцуулан урьдчилан бүлээн усанд дэвтээсний дараа өгнө
Үртэс хомоол оролцсон холимог тэжээл: 100кг холимог тэжээл бэлтгэхийн тулд 21 кг модны үртэс, 25 кг хивэг, 46 кг улаан буудай, 8 кг адууны халтар хомоол авч сайтар холино. Өвөл, хаврын улиралд мал бэлчээрээс ирсний дараа холимог тэжээлийг үхэрт 2.5-3.0 кг, хонь, ямаанд 200-300 граммыг бага зэрэг чийглэж өгнө.
Шахмал тэжээл: Ясны гурил, үнс, давс, модны холтос зэргийг өвстэй хольж шар сүү, аарц, цус зэргээр зуурч бэлтгэнэ.
Үүнд: 10 литр цус буюу шар сүү, эсвэл аарцанд ясны гурил 500 гр, хужир гурил тус бүр 100 гр-ыг хольж буцалгаад дээр нь 1 кг давс хийж  тоосго шиг шахна. Ингэхдээ шахмалын голд нүх гаргаж хатахаар нь модонд өлгөж малд өгнө. Дээрх аргаар бэлтгэсэн тэжээлийг шахахгүйгээр багсармал тэжээл маягаар бэлтгэн ядарч доройсон малд хавар өгөхөд амархан тэнхэрнэ. Ийм тэжээлийн нойтон байх үеийн жин хатахдаа 4 дахин бага болно.
Шар будааны чанамал: Баянхонгор аймгийн Баацагаан сумын үхэрчид өтгөн чанасан хар цайнд  0.5-1 кг шар будаа чанаад ядарч доройтсон үхэрт 3-4 литр өгдөг. Мөн хээлтэй хонь ямаанд төллөхөөс 15 хоногийн өмнө 0.5-1 литрийг 2-3 өдөр дараалан уулгавал жилбэтэй төллөдөг. Нэгэнт жилбэгүй төллөсөн хонинд дээрх хэмжээтэй өгөхийн хамт 1 литр усанд 200 гр шар будаа чанаж зутан болгоод амтлагдах төдий элсэн чихэр хийж 1 төлд 30-100 гр-аар өдөрт 2-3 удаа өгөхөд тустай байдаг.
Шар будаа, хивэгний дугуй: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчид  нунтагласан шар будаа 15 хувь, хонины сүүл 30 хувь, хуурсан хивэг 20 хувь, буцалсан ус 30 хувь, хужир давс 5 хувийг хольж хутган 30-40 гр-ын дугуй хийж өвсөнд орсон төл, хөгшин хөвөө хонь, ямаанд өдөрт 3 удаа 1 ширхэгээр өгдөг байна.
Шар будаа, сонгины үрэл: Өвөрхангай аймгийн малчид 1 ширхэг сонгиныг хэрчиж жижиглээд хоолны халбага давс, нэг аяга нүдсэн шар будаатай багсраад ус,  ямар нэг тосоор зуурч 10 гр орчим жинтэй үрэл хийж үхэрт өдөрт нэгийг өгдөг байна.
Адууны өөх шар будааны үрэл: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчид адууны өөх 500 гр, ясны үнс 450 гр,  цагаан давс 100 гр, шар будааны гурил 450 гр-ыг хольж хутгаад 1 гр орчим жинтэй рэл хийж төл тэжээдэг байна. Энэ нь хаврын улиралд хурга, ишгийг сэнсрэхээс сэргийлэхэд ихээхэн ашигтай юм.
Цайны шаар Цайны шаарыг хандлаж 1 литрт 2-3 ширхэг ёотон хийж бог малд 0.5-1 литр хүртэл өгч болно. Цайны шаарийг бусад тэжээлтэй хольж өгч болно.
Цайны ханд: Аагтай хар цайнд ханданы 100 мл дутамд 1-2гр давс уусган тугал , ботгонд 100-200 мл, хурга, ишгэнд 25-50 мл-ийг өдөрт 3-4 удаа өгнө.
Тосны гүзээ:  Хивэгч малын гүзээ төрөл бүрийн шимт бодисоор баялаг учир шим тэжээлтэй байдаг. Тосны гүзээг жижиглэн хэрчиж төлөг, борлонд бага хэмжээгээр өгч болох бөгөөд махны шөлөнд буцалгаад хөгшин малд өдөрт 250-300 гр өгнө. Эсвэл тийм  шөлөөр тэжээл багсран өгвөл сайн байдаг.
Хивэг : Хэвгийг давстай усаар чийглэж саалийн үнээд 3-4 кг, бог малд 500-600 гр өгнө. Исгэсэн хивгийг дангаар нь буюу бусад тэжээлтэй хольж бод малд 1-2 кг богд 300-400 граммаар өдөрт 1 удаа өгнө.
Мах, ясны шөл: Мах ясны шөлийг турж доройтсон бод малд 1-2 литр өглөө бэлчихийн өмнө бүлээсгэж өгвөл ашигтай . Шөлөнд аарц, тосны гүзээ, шаар, будаа зэргийг аль нэгийг хийж буцалгаад бод малд 400-500, богд 100-150 грамм өгнө.
Элэг: Элэг нь уураг витамин чихэрлэгийн зүйлээр баялаг учир малыг амархан тэнхрүүлдэг. Элэгийг нимгэн зүсэж тостой тогоонд бага зэрэг давс үрээд шүүрхийвтэр хайрч бог малд 30-40, бодод 70-100, төлд 10-15 граммаар өгнө.
Сэвс: Сэвс малын бие махбодод гүзээнд дутуу боловсорсон бие мах бодод шингэхэд бэлэн байгаа тэжээл юм. Хатаасан 1 кг сэвсэнд 2.64 тэжээлийн нэгж 300 гр шингэх уураг байгаа нь шимт чанараар сайн байгааг харуулж байна.Сэвсийг давс хужиртай хольж хатаана. Бод малд 1-2, бог малд 0.5-0.6 кг өгнө.
Хатаасан гэдэс: Малын нарийн бүдүүн гэдсийг цэвэрлэж угаагаад өлгөж хатаана. Хатсан гэдсийг нунтаглаж нүдэж гурил болгоно. Бүлээн 100 мл давстай усанд нунтаг гэдэс 20-30 гр хийж сайн хутгаж холиод хэдэнч литрийг бэлтгэж болно. Бэлтгэсэн шингэнээс төлөг, борлонд 100-150 мл, тугал бяруу, хонь, ямаанд 150-200 мл, бод малд 500-1000 мл  хүртэл хэмжээгээр өдөрт 2 удаа өгч болно. Малын хэл, тархи, дэлүү, сав, булчирхай зэргээр бэлдмэл хийж элэг гэдэсний бэлдмэлийн хэмжээгээр малд өгч болно.
Сонгино, сармис: Ядарч доройтсон малыг тэнхрүүлэхэд сонгино, сармис сайн чанартай тэжээл болдог. Сонгиныг 2 хуваагаад талыг, сармисны 1 булцууг бог малд өдөрт нэг удаа өгнө. Бод малд үүнээс 2 дахин их хэмжээгээр өгнө.

Аймгийн ХХААЖҮДГазар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *