Өсвөр үеийн охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд зөвлөгөө өгөх, өөрийгөө болон үе тэнгийнхнээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх охидын соёл хөгжлийн “Аз жаргал төв” өчигдөр үүдээ нээлээ.

Аймгийн “Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга 2016 оны сар бүрийн 01-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэдний санал бодол, тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэж ирсэн. Эдгээр уулзалтуудаас гарсан саналын дагуу Орон нутгийн төсвийн дэмжлэгээр охидын соёл хөгжлийн “Аз жаргал төв”-ийг ийнхүү байгуулллаа.

Тус төв нь 26-р байранд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд байрны урд хэсэгт утасгүй интернэтийн үйлчилгээ бүхий “Аз жаргалын талбай”-г мөн байгуулсан билээ.

Төвийн нээлтэд аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, Хүүхдийн төлөө Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн гишүүн бөгөөд Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон албаны хүмүүс хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

Тус төвийн үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Дотно зөвлөгч төв”, үе тэнгийн сургагч багш “Y-peer” төв, Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” төвийн идэвхтэн сурагчид, эмч, мэргэжилтнүүд явуулж, хуваарийн дагуу өсвөр, залуу насны охид, бүсгүйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгоно.

Энэ нь өсвөр насны охид өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудлаа сургагч багш нар болон эмч мэргэжилтнүүдтэй хуваалцаж, зөвлөгөө авах, шийдвэрлүүлэх, сэтгэлээ хуваалцах, сэтгэлзүйн дэмжлэг авах зэрэг охидын соёл, хөгжилд чухал ач холбогдолтой ажил болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *