Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран “Тогтвортой хөгжил-Статистик”  Үндэсний Чуулганыг энэ  сарын 13, 14-ний өдрүүдэдТөрийн ордонд зохион байгууллаа.

Чуулганд манай аймгаас аймгийн Засагдаргынорлогч Ч.Ганбат, Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар, сум, газар, хэлтсийн 14 төлөөлөл оролцов.

Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх  гол зорилтын хүрээнд чуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн төвшин, түүнтэй уялдсан статистик мэдээллийн талаар илтгэл сонсож, хэлэлцлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийг баталсан.

Манай улс дээрх хөтөлбөртэй уялдуулан“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж,  2016 онд УИХ-аар батлуулан, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглал гэсэн дөрвөн салбарыг хөгжүүлэхээр тусгасан билээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг гурван үе шаттай хэрэгжүүлснээр 2030 он гэхэд:

  • Нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн,
  • Тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай,
  • Нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан,
  • Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан,
  • Тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэж төсөөлжээ.

Тиймээс нэн тэргүүнд салбарын бодлогын баримт бичгүүдийг дээрх хөтөлбөр, хөгжлийн стратегийн баримт бичигтэй уялдуулж, тогтвортой хөгжлийн хүрээг тодорхойлж, тооцохыг чуулганаар чухалчлав.

Мөн чуулганаар албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *