Монгол улсад Архивын  алба байгуулагдсаны 90, Дорнод аймгийн  Архивын байгууллагын 60 жилийн ойд

“Архив бол улс үндэстний түүхийн илэрхийлэл, аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс үндэстнийх нь өөрсдийнх нь оршин тогтнох бодит илэрхийлэл болж байдаг билээ”

Д.Мөнгөнцэцэг: Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэхийг зорьж байна.  

          Монгол улсад үндэсний Архивын  алба үүсч хөгжсөний  90 жилийн ой энэ оны 12 дугаар сард болох юм. Үүний өмнө аймгийн Архивын байгууллагын  хамт олон 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн босгон аймгийн Архивын газрыг зорин очиж, Аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн дарга, Д.МӨНГӨНЦЭЦЭГтэй уулзсан юм. Эрх зүйч, Төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй Төрийн захиргааны тэргүүний ажилтан тэрээр, Аймгийн захиргааны бичээчээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд аймгийн ЗДТГазарт мэргэжилтэн, тасаг, хэлтсийн дарга зэрэг ажил албыг хашиж иржээ. Хиймэл нуурын дэргэдэх сургуулийн зүүн хойд өнцөгт Аймгийн Архивын газар байдгийг хэн хүнгүй мэдэх юм. Архивын тасгийнхан олны хөл тасрахгүй жижигхэн өрөөндөө тус тусдаа  “цаас”ны ажлаа эрхлээд дор бүрнээ завгүй харагдсан. Зүүн бүсийн  тулгуур төв-Ная гаруй жил түүнээс цааших  цаг хугацааны түүхийн баялаг өвтэй Дорнод аймгийн архивийн баримт, бичиг, нотолгоо, судалгааг хадгалдаг сангийн нэгэн төлөөлөгчтэй ярилцсанаа ийнхүү хүргэе.

         –Архив гэдэг давтагдашгүй, дахин бүтээгдэшгүй, хамгийн үнэтэй зүйл билээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

        –Юуны өмнө Дорнод нутгийн ууган хэвлэл-Дөл сониноор дамжуулж, Дорнодын архивын он цагийн түүчээ болсон олон арван архивчдын нөр их хөдөлмөрийн үр шимээр өнөөдрийн үнэт өв бий  болсон билээ. Энэ салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байсан  болон одоо ажиллаж байгаа нийт архив, бичиг хэргийн ажилтнууд болон сонины бүх уншигчдад Монгол улсад архивын салбар үүсгэн байгуулагдсаны 90 жил, Дорнод аймагт архив байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж байна.

Та сая их сайхан хэллээ. Гаднын хүн харахад ойлгохооргүй байж болох энэ олон шороо тоостой, шарласан хуудаснуудыг хэн ч дахин бий болгож чадахгүй шүү дээ. Байшин барилга нураад, сүйрээд унахад оронд нь шинэ, илүү сайхныг байгуулах боломжтой байх. Гэтэл тэднээс хавьгүй жижиг хирнээ илүү үнэ цэнэтэй баримттай бид ажилладаг.Архивч хүнд нэг хуудасны тал ч үнэтэй. Нэг түүхэн баримт үгүй боллоо гэхэд 30,40 жилийн өмнө эргэн очих нь бүү хэл 3-4 жил, сарын өмнө эргэж очоод дахин бий болгохгүй шүү дээ. Ер нь цаг хугацаа, хором мөчийг эргүүлж авчрахгүйтэй адил юм даа. Тийм болохоор архив гэдэг маань давтагдашгүй, дахин бүтээгдэхгүй, хамгийн үнэтэй зүйл юм даа. Архивын тухай хуульд зааснаар бол Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн баримтын иж бүрдэлийг архивын сан хөмрөг гэж үзнэ. Архивын сан хөмрөгийн баримт бол ард түмний түүх, соёлын үнэт өв бөгөөд хуулиар төрийн хамгаалалтад байдаг зүйл.

        -Анхны үед аймаг орон нутгаас  архивын баримт материалыг тээвэрлэн хүргүүлж  байжээ.

-Архивын ажилд шинжлэх ухаан технологийн шинэ ололт алхам алхмаар нэвтэрч, ажлын цар хүрээ тэлж, арга хэлбэр нь боловсронгуй болж, бүтэц зохион байгуулалтын хувьд цаг үеийн шаардлагын дагуу өөрчлөгдөн, архивын сан хөмрөгийн ашиглалт улам өргөжин тэлж байгаа түүхэн цаг үед бид түүхт ойнуудаа угтаж байна.

        -За тэгвэл 90 шахам жилийн түүхтэй Дорнод аймгийн 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа танай байгууллагынхаа  үүх түүхээс  тодруулах уу?

-Агуу их түүхтэй ард түмэн, тийм  их ирээдүйтэй байдаг гэсэн яриа бий. Түүхийн үүднээс авч үзвэл, Чойбалсан аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1957 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаар захирамжаар “Аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны архив” гэсэн нэртэйгээр  Зохион зааварлах хэлтсийн харьяанд архивын эрхлэгчээр Довжилжамцыг томилж  үйл ажиллагаа эхэлснээс хойш эдүгээ нэгэн жарны туршид хөгжиж ирлээ.

1961 оноос Чойбалсан аймгийн Улсын архив, 1962 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Дорнод аймгийн Улсын архив, 1998 оноос Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст архивын тасаг, Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хууль зүйн хэлтэст харьяалан аймгийн архивын алба, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор архивын тасаг болж өөрчлөн зохион байгуулагдсан байдаг.

                       Арвичдын  ажлын өдрийн нэг агшин

Манай аймгийн архивыг байгуулагдсан цагаас хойш энэ хугацаанд Довжилжамц, Дорж, Цэдэн-иш, Ц.Даржаасамбуу, Дансран, Дамдинсүрэн, Ц.Алт, П.Болд, Б.Балдармаа, Д.Доржбаатар Х.Санжидмаа, Л.Бямбацэцэг нарын дарга нар удирдаж байв. Үүнээс гадна Д.Сарантуяа, Ж.Цэндэм, Ж.Энхтуяа, Ө.Цэвэлмаа, Т.Баярмаа нарын сан хөмрөгч, архивч нар ажиллаж, 2006 оноос “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн  технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд гэрээт архивч-операторчоор Б.Пүрэвбат, д.Ганжаргал, М.Нарантуяа, Д.Ариунтуяа, Ч.Сайнбаяр, П.Туул, Т.Хишигжаргал, Х.Баярмаа, С.Өнөрхүү, Б.Батчимэг нар архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэн амжилттай үргэлжлүүлж байна.

Архивын тухай хууль батлагдсан 1998 оноос аймгийн архив нь албан ёсоор бие даасан нэгж болж,  өнөөдөр дарга, сан хөмрөгч, архивч, гэрээт архивч-операторч 2, хэвлэгч 1, нийт 6 ажилтантай ажиллаж байна. Мөн аймгийн Архивын тасгийн дэргэд Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

-Архивын байгууллага гэж байдгийг мэдэхээс юу хийдгийг нь сайн мэдэхгүй юмАч холбогдол, үүрэг нь юунд байдаг юм бол?

-Монгол улсын орон нутгийн анхны дөрвөн хотын нэг оршдог, 1931онд байгуулагдсан Дорнод аймгийн түүхийг судалж, сэргээж, ашиглуулж, хадгалж байдаг газар. Түүхийн гурван ч үеийн архивын баримтыг бид архивладаг. 1925 оноос 1990-ээд он, түүнээс өнөөдрийг хүртэлх материал баримтыг бид хадгалж байна. Архивын үүрэг ач холбогдлыг нэгдүгээрт өвлөн хамгаалах, хоёрдугаарт хойч үедээ үлдээх, гуравдугаарт өөрсдийн баримтыг судлаачдад хүргэх гэж товчхон хэлж болох юм. Манай  архивын үйл ажиллагаа нь архивын өвийг бүрэн бүтэн хадгалж хамгаалах бүх талын нөхцөлийг бүрдүүлэх, сан хөмрөгөө түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд гаргах, байгууллага, иргэдийн хүсэлтээр ашиглуулах, архивын мэдээлэл эрэлт хайлтын системийг боловсронгуй болгох, аймгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө заавар өгөх, архивын баримтаас иргэд, албан байгууллагад лавлагаа мэдээллээр үйлчлэх чиглэлтэй ажиллаж байна.

          -Түүхэн ойнуудаа угтаж танай хамт олон, та бүхэн ямар ажил амжуулав?

-Аймгийн Архивын нь “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутагтаа архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, архивын лавлагаа, мэдээллийн сан бүрдүүлэх, хосгүй үнэт баримтын хамгаалалтын хувь хуулбар бий болгох, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, архивыг олон нийтэд нээлттэй өргөн хүрээтэй ашиглуулах зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар  503 иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 573 хөмрөгийн 4593 хадгаламжийн нэгжид эрэлт хайлт хийж  1734 хуулбар, 98 тодорхойлолт  цалингийн түүвэр  гаргаж, 7 сая гаруй  төгрөгийн орлого оруулав. Төрийн архивын  37,6 мянган  баримтыг шивж цахим орчинд байршуулав. Мөн 309 хадгаламжийн нэгжийн 29678 хуудас баримтыг нягтлан шалгаж, 369 хадгаламжийн нэгжийн 25521 хуудас  болгон эрдэм шинжилгээ дахин боловсруулалт хийж, ангилан төрөлжүүлэв.

Түүнчлэн сан хөмрөгийн 3 дансны 150 хадгаламжийн нэгжийн 18457 хуудас баримтыг сканердаж, 81 хадгаламжийн нэгжийн 9337 хуудас баримтыг “photoshop” –оор сэлбэн засварлав. Архивын ерөнхий газраас ирүүлсэн нягтруулсан шүүгээг угсарч суурилуулах ажилд аймгийн Засаг даргаас 800,0 мянган  төгрөгийн дэмжлэгийг үзүүлэв. Мэдээллийн технологи, үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 42 хөмрөг.  57  дансны 3372  хадгаламжийн нэгжийн  532380  хуудсыг төрийн архивын “AMS”  программд  оруулснаар,  байгууллага, иргэдэд лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлж чадлаа.

 Баярлалаа

Дөл сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *