15645030_1268264489886895_1887957323_n

Мэндчилгээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Улс эх орныхоо эдийн засаг, нийгэм соёл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, үе, үеийн түүхийг бүтээлцэж ирсэн хүндэт ахмад, буурлууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид, тэр дундаа залуу үеийнхний хэзээ ч мартахгүй санаж, хайрлаж явах үнэт зүйл бол ахмад үеийнхний минь амь биеэ хайрлалгүй тэмцэн олж авсан, бататгасан үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн бодит ололт, иргэдийн эрх, эрх чөлөө билээ.

Ахмадууд Та бүхэн минь хөгжил дэвшлийн төлөө хөлс хүчээ харамгүй зориулж өнөө үеийнхний өөдөлж дэвжихийн үндэс суурийг тавьж,түүх соёл, ёс заншил, удам угсаагаа уламжлуулан үлдээсэн, юугаар ч хэмжишгүй үнэт баялаг юм. Тиймээс төр засаг ахмадууддаа хайр хишгээ харамгүй хүртээх учиртай.

Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар олон ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.
ХНХ-ын сайдын хувьд Н.Номтойбаяр 2014 онд “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого”-ыг санаачилан боловсруулж, ач санах агуулга бүхий “Ахмад настны тухай хууль”-ийг батлуулсан нь энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
“Ахмад настны тухай хууль”-д ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгахыг чухалчилсанаар ахмад настанууд дан ганц нийгмийн халамж хүртэгч биш нийгмийн амьдралд идэвхитэй оролцогч байж амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээг төрөөс авах боломжтой болсон нь онцлог юм.
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг ойртуулж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтлах улмаар, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтууд тусгагдсан.
Мөн алдар цолтой ахмад настанд төрөөс олгох нэмэгдлээс гадна 3 төрлийн хөнгөлөлтийг жилд 1 удаа үзүүлж, ахмад настнууддаа “Насны хишиг” олгож эхэлсэн.

Манай аймаг 7100 гаруй ахмад настантай. Өнгөрсөн онд давхардсан тоогоор нийт 12600 гаруй ахмад настанд 20 гаруй нэр төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж, улс, орон нутгийн төсвөөс 1,7 тэрбум төгрөгийг зориулсан байна.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудынхаа хүсэл, сонирхолд тулгуурлан “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг жил бүр баталж, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд манай аймагт “Ахмадын зөвлөх үйлчилгээ” төсөл хэрэгжиж, ахмадуудын ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг залуучуудад өвлүүлэхэд зориулж 253 ахмадыг түр ажлын байраар ханган 156,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Манай аймаг ахмад үе залуу үеийн залгамж холбоог сайжруулах ахмадуудынхаа арвин баялаг туршлагаас ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилготой “Ахмадаа ачлах” хөтөлбөрийг 2014 онд санаачилан, батлаж, хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн хөрөнгө, санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан ахмад настны чөлөөт цагийн төв, асрамжийн газар, уламжлалт эмнэлэг, амралт сувилалын газрын үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлж 2017 онд 160,0 сая төгрөгийг батлан ажиллаж байна. Энэ оны хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 12000 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Аймгийн Засаг даргын ивээл дор 2 жил тутамд зохион байгуулдаг аймгийн ахмдуудын урлаг спортын наадмыг энэ жилээс “Авьяас тэтгэвэрт гардаггүй” нэртэйгээр зохион явуулж эхэллээ. Энэхүү наадамд аймгийн 14 сумын ахмадууд маань оролцож, авьяас билиг, ардын урлагийн өв соёлын онцлогийг харилцан солилцож, хойч үедээ сурталчлан залгамжлуулж байна.

Төр захиргаа, эдийн засаг санхүү, нийгэм, соёл, спорт, эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт, инженерийн салбарын ахмадуудаас бүрдсэн аймгийн Засаг даргад зөвлөх багийг энэхүү Ахмадын баярын өдрийн өмнөхөн байгууллаа.
Цаашид ахмадуудынхаа сайн сайхны төлөө төр, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллаж залуучууд, ард иргэддээ ахмадуудын арвин баялаг түүх, туршлага мэдлэг, алдар гавьяаг мөнхжүүлэх зэрэг олон талт ажлуудыг хийж, хэрэгжүүлсээр байх болно.

Та бүхэндээ сэтгэл тэнүүн, саруул сайхан, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *