МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Мөнгөний бодлогын мэдэгдэл – 2017/03

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ
Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай
Дугаар: 2017/03
Мөрдөх огноо: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.4 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна.
Гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт ийнхүү нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно.
Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *