Эрхэм хүндэт Чойбалсан хотын иргэд, ахмадууд, хүүхэд, залуус аа. Чойбалсан хотын ИТХ, Засаг дарга болон төрийн албан хаагчид аа. Бидний найрамдалт харилцаатай ОХУ-ын ӨБХ-ын Чита хот, Агын тойрог, Улаан-Үд хотын залуучууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот, Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, ШББХ, ШБЗХ-н төлөөлөгчид өө Та бүхэндээ Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын өдөр, Алдар гавъяаны өдрийн мэндийг дэвшүүлье. Суурин амьдралын олон зуун жилийн уламжлал, туршлагатай улс орнуудад хот гэдэг төр засгийн нэгж нь нэр хүндтэй, хөгжил дэвшил, ахуй соёл, гэгээрэл боловсрол, тохилог амьдралын төв болж байдаг байна.
Нүүдэлчин монголчууд дэлхийн дэвжээний хотод амьдрахаар зөөвөр хийж, бууриа засч сууцаа босгож, эдийн засаг нийгэм соёлоо цогцлоох их үйлсийн хэдэн арван жилийн түүхтэй. Энэ түүхийг бодит бүтээн байгуулалтаар үргэлжлүүлэн бичиж яваа бид бүхэн Дорнод аймгийнхаа эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн төв болсон Чойбалсан хотынхоо өдрөөр жил бүрийн ажлаа дүгнэн ололтоо бататгаж, зорилтоо биелүүлэх эрч хүч нэмэхийн зэрэгцээ ажил үйлсдээ шинэлэг сэтгэлгээгээр хандах хэрэгтэй байна. Хотынхоо ард иргэд та бүхэн нэгэн асуудалд онцгойлон анхаарахыг хүсч байна. -Өмнөх нийгмийн үед “Дорнодын долоон үйлдвэр” аймгийнхаа жилийн төсвийг бүрэн бүрдүүлж, улсын санд багагүй хөрөнгө оруулж байсан түүхтэй. Талын хотынхоо үйлдвэр аж ахуйн байгууллагаа бодлогоор хөтлөн, өргөжүүлэн нэмэгдүүлж, бүтээгдэхүүн баялагаа арвижуулж, бүс нутгийн тулгуур төв болон эх орны зүүн хязгаарын зах зээлийн үүд болж, ард иргэд нь ажилтай, орлоготой, амьдрал өөдрөг байхын үндэс энд оршино.
Иймийн тулд аймгийн зүгээс жижиг дундаас эхлэн хөнгөн үйлдвэр, хөгжүүлбэл зохих томоохон аж үйлдвэр хүртэл бүхий л үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжин ажиллах болно оо. -Хотын гадаад дүр төрх өнгөлөг сайхан байхын сацуу оршин суугч иргэд бидний дотоод сэтгэл сайхан байх учиртай. Бие биенээ хүндэтгэсэн, тусалж дэмжсэн, нэгэн айл өрхийн халуун ам бүл шиг ажиллаж амьдрахыг дээдэлье. Ахуй болон харилцаа, оюуны соёлыг эрхэмлэе. Энэ талын аян хөдөлгөөнийг өрнүүлж болно. -Талын хотоо ногоон хот болгох их ажил жил бүр өрнөж багагүй амжилт олж байна. Тарьсан мод сөөгөө ногоон уушиг гэж арчилж тордох хайрлаж хамгаалах, гол ус, хөрсөө хайрлаж хамгаалах төдийгүй бүтээн байгуулалт, зам талбайдаа ийм сэтгэлээр хандъя. Энэ дашрамд манай хотын тохижилтод дэмжлэг үзүүлж байдаг хөрш зэргэлдээ Манжуур, Хөлөнбуйр хот, Чита хот, Хянган аймгийн ард түмэн, засаг захиргаанд талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Хотын бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлттэй зэрэгцүүлэн иргэн бүхэн сэтгэлдээ соёлын бүхий л чиглэлээр “бүтээн байгуулалт, шинэчлэлт” хийж, талын хотынхоо эрхэм алдрыг өндөрт өргөе.
Ирэх жилийн энэ өдөр тохиох Чойбалсан хотынхоо 80 жилийн ойгоор иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө их зүйлийг хийж хэрэгжүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн эргэж уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Баярлалаа Та бүхэндээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *