Зүүн бүсийн Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалт  2017 оны 08 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хилийн 0146 дугаар ангийг түшиглэн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтын зорилго нь, засаг захиргаа, нутгийн удирдлагын үндсэн нэгж болох сумын захиргааны удирдах албан тушаалтнуудад шинээр батлагдсан батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн талаар танилцуулж, тэдний орон нутагт батлан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй батлан хамгаалах үйл ажиллагааны тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, орон нутгийн удирдлагаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн, дээд удирдлагыг бодит мэдээллээр хангахад оршиж байгаа юм.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга бол орон нутагт батлан хамгаалах бодлого, арга хэмжээг гардан хэрэгжүүлдэг төрийн захиргааны албан тушаалтан байдаг.Ийм ч учраас дээрх сургалтыг 2006 оноос хойш 2 жил тутамд нэг удаа бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Зүүн бүсийн 4 аймгийн 76 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар тус сургалтад хамрагдах ёстойгоос 59 хүн буюу 78 хувь нь хамрагджээ.

Сургалтад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүй, тус газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Галбаатар нар тус сургалтад оролцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан.

Сургалтад хамрагдаж буй нийт бүрэлдэхүүнээр буудлага хийлгэж аймгуудын сумын ЗДТГ-ын дарга нарын буудлагын өндөр оноогоор нь эрэмблэхэд Хэнтий аймаг тэргүүн байранд, Дорнод аймаг дэд байрт  шалгарав.

Сургалтын төгсгөлд Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүй нар сургалтын ололт, амжилтын талаар дүнг гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв.

IMG_0470 IMG_0495 IMG_0499 IMG_0513 IMG_0566 IMG_0651

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *