Дорнод аймаг 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа 1 дүгээр байранд шалгарч, сүүлийн жилүүдийн амжилтаа дахин бататгасан. Тиймээс аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарын хамт олондоо талархал илэрхийлж, салбарын нийт багш, албан хаагчиддаа зориулсан нийгмийн салбарын байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр Чойбалсан хотын Хан-Уул цогцолбор сургууль дээр зохион байгуулахаар товлолоо.
“Нээлттэй өдөрлөг” 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг угтсан багш нарын Бага хурал, сургалт, зөвлөгөөний үеэр явагдах учир нийт боловсролын салбарынхнаа өргөнөөр хамруулж, нийгмийн салбарын бүхий л үйлчилгээг нэг дор үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ярив.
Өдөрлөгөөр эрүүл мэндийн үзлэг явагдаж, биеийн тамир, спорт, бие бялдарын сорил авах, хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь авах боломжтой юм.
Боловсролын салбарын нийт багш, ажилтнуудыг “Нээлттэй өдөрлөгт” идэвхтэй оролцохыг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *