Халхын хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн мэндэлсний 220 жилийн ой энэ жил тохиож байна. Эдийн засгийн шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг энэ сарын 11-нээс 20-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв болон Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлж байна. Хөтөлбөрийн дагуу энэ сарын 11-нд “Вангийн цагаан уул”-ын тахилга, наймдугаар сарын 14-нд “Их бурхант”-ын тахилга, Сүмийн шав тавих ёслол, ойд зориулсан баяр наадмын нээлт, хурдан морьдын уралдаан, сурын харваа, наймдугаар сарын 15-нд “Түмэн адууны баяр” тус тус боллоо.
Ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Бат-Очирын Тогтохтөр вангийн амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн Төв номын санд болох тул иргэд олон нийт та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Дорнод аймгийн Хэрлэн суманд болох энэ хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн Халх гол сумын ЗДТГ, “Ялалт” музей хамтран зохион байгуулж байна.
Хурлын үндсэн илтгэл болох “ХIX зууны Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Б.Тогтохтөрийн амьдрал, үйл ажиллагааг үнэлэх нь” сэдэвт илтгэлийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун тавина.
Мөн Б.Тогтохтөрийн туурвисан “Оюун билгийн соёрхол” хэмээх монгол цагаан толгой, “То вангийн аж төрөх сургаалийг залгамжлан зарласан бичиг”-ийн тухай, Монгол хүүхдийн сурган хүмүүжилд То вангийн оруулсан хувь нэмэр, өнөөгийн түүхэн ач холбогдол зэрэг сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр тусгажээ.

Хурал наймдугаар сарын 18-нд Чойбалсан хотод Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Аймгийн төв номын санд явагдах бол наймдугаар сарын 20-нд Халх гол суманд хурлын төлөөлөгчид То вангийн түүхэнд холбогдох зарим газар, тухайлбал, Тамсагийн булагт очиж То вангийн байгуулсан сүм хийдийн туурийг үзэж судлан эрдэм шинжилгээний ярилцлага зохион байгуулах аж. Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *