IMG_0009

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийгмийн сүлжээгээр санал өгч болно

Монголчууд бид Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 93 жилийн хугацаанд бүх ард түмнийхээ оролцоотой 5 дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Монгол улсынхаа дараагийн 25-30 жилийн хөгжилд чухал алхам хийх болно. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэн бүрээр судлуулах, хэлэлцүүлэх ажлыг орон даяар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх аймгийн ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Ажлын хэсэг одоогоор сургалт, хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Сургалтыг аймаг, сум, багийн төлөөллүүд оролцсон нийт 250 хүний бүрэлдэхүүнтэй явуулах бөгөөд Улаанбаатар хотоос ажлын хэсэг ирж удирдана.
Дээрх ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 10 багийн Засаг дарга, ажлын албаны ажилтнуудад Үндсэн хуулийн төслийн талаарх мэдээллийг өгч, хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгуулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өглөө. Иргэд төсөлтэй танилцаж, хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нийгмийн сүлжээ болох цахимаар, мөн харьяа багийн ажлын албанд бичгээр болон өөрийн биеэр ирж өгөх боломжтой юм.
Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг
1.Төрийн албыг хэрхэн тунгалагшуулж, сонгон шалгаруулалтад тулгуурласан урт хугацаатай, тогтвортой болгох,
2. Хариуцлагын тогтолцоог хэрхэн сайжруулах,
3. Засаглалын хуваарилалтыг хэрхэн оновчтой болгох,
4.Хүний эрхэд суурилсан нийгмийг хэрхэн цогцлоох гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд явуулна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *