Хэрлэн голоо хамгаална

20562746_1947552292199049_1764824689_n

Хэрлэн голын усны төвшин багассантай холбогдуулан аймгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хэрлэн голын сав газрын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийт нутгаар энэ оны 05 дугаар сараас 07 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд хур тунадас бага орсноос хэт халалт, хуурайшилт үүссэн. Хэрлэн голын эх авдаг Хан Хэнтийн байгалийн цогцолбор газарт олон хоногийн түймэр гарч “Ган”-гийн хэмжээнд хүрсэн нь Хэнтийн нуруунаас эхтэй голуудын урсац багасах гол нөхцөл болж байна. Мөн хэт хуурайшилт, халалтын улмаас голын төвшин, урсац багасч, усны температур нэмэгдснээр замаг үүсэн, усны хүчилтөрөгчийн хэмжээ багасч, загас жараахай ихээр хорогдох нөхцөл бүрдээд байгаа аж. Уст цэгүүд ширгэснээс Хэрлэн голын эрэг дагуу малчид нутаглаж, бод мал голын усанд бөөнөөрөө удаан зогсох зэрэг нь татарсан төвшинд бохирдол үүсгэх бас нэгэн шалтгаан болж байгааг мэргэжлийн байгууллагуудын зүгээс дүгнэж байна.

Энэ оны 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Цагаан-Овоо сумын нутаг “Зүүн Дөрөө”-д газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж голын усыг хааж байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь 2 удаа ажиллан, голын усыг хааж, боосон зөрчлийг арилгуулж, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэрлэн голын сав газрын захиргаанаас голын эх хэсэг, Хэрлэн голын савд хамаарах сумдад усны тооллогыг явуулж эхэлсэн байна. Хэрлэн гол нь борооны усаар голлон тэжээгддэг бөгөөд ус, цаг уурын ажиглалтын мэдээгээр жил ирэх тусам цаг агаарын нөлөөллөөс шалтгаалан усны урсгал, өнгөрөлт, ус хураах талбай зэрэг нь эрс багасч байгаа ажээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн голын усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилсон.
Ажлын хэсэг Хэнтий, Төв аймаг, Багануур дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран голын эхээс улсын хил хүртэл явж, гаднын нөлөө, хүчин зүйлс байгаа эсэх, байгалийн сэргээгдэх боломжийг судлах ажилд өнөөдөр гарч байна. Ажлын гүйцэтгэл, тайланг энэ 8 дугаар сарын 7-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулах ажээ.
Мөн холбогдох сумын удирдлага, иргэдээс санал авах, Хэрлэн голыг хамгаалах, ач холбогдлыг ойлгуулах, голын эрэг, орчныг цэвэрлэх бүх нийтийн оролцоотой аян өрнүүлэх зэрэг шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлэх юм байна.
Аймгийн Засаг даргын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хэнтий аймаг, Төв аймаг, Багануур дүүргийн Засаг дарга, Хэрлэн голын сав газрын захиргаа, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Цаг уур, орчны шинжилгээний газарт Хэрлэн голын усны эхийг хамгаалахад яамны зүгээс мэргэжлийн зөвлөмж өгөх, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, Хэрлэн гол дагуух аймгуудад хамтран ажиллах талаар хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.
20623830_1947552408865704_425015089_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *