Ардын хувьсгалын 96 жилийн ой – Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хэлсэн үг

Дорнод нутгийн минь ард иргэдээ
Эрхэм хүндэт наадамчид аа
Хүндэт зочид гийчид ээ!

Монголын ард түмний үеийн үед гүнээ хүндэлж, ёслон дээдэлдэг төрийн их түүхт ой, зон олны өргөн дэлгэр цэнгэл баяр наадмын Мэндчилгээг хотол түмэндээ-Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монголын тулгар төрийн 2226 жил, Их монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр эхэлж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа

Өнгөрсөн жилийн баяр наадам өндөрлөх тэр өдрөөс өнөөдрийн баяр наадам эхлэх энэ өдөр хүртэл дөрвөн цагийн эргэлтэд манай аймгийн ард иргэдийн ахуй амьдрал, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт гээд бүхий л салбар өөдрөг, амжилт бүтээл өрнүүн байна. Таван эрдэнийн сүргээ тэгш сайхан өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээгээр улсад 3 дугаар байрт эрэмбэлэгдэж, хүн амын өсөлт, эхийн эндэлгүйн үзүүлэлт болон боловсролын чанарын түвшингээр улсад тэргүүлж байна. Улс орны тэргүүлэх салбар-боловсролоо бодлогоор хөгжүүлэхийг эрхэмлэн сүүлийн жилүүд төдийгүй энэ жил:
“Үндэсний өв соёлыг тээгч – түгээгч улсын аварга аймаг” болж, улсдаа үнэлэгдэн, бусад аймаг орон нутаг биднээс туршлага судлаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан дүнгээр улсад 2-р байр эзэлж өмнөх жилийн амжилтаа дахин бататгалаа.
Аймгийн 1000 орчим тамирчин олон улс, улс бүсийн чанартай 42 удаагийн тэмцээн уралдаанд оролцож 74 алт, 88 мөнгө, 91 хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Манай аймаг хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарт илүүтэй анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийж байна.

Зүүн бүсийн гал голомт болсон Дулааны цахилгааны станцыг 50мВт-аар өргөтгөх ажил биелэлээ олж, өргөтгөлийн ажил энэ онд эхлэн, 2019 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулагдсан. Үүний үр дүнд олон ажлын байр шинээр нэмэгдэн, бүсийн цахилгаан хангамж бүрэн сайжирч, оронд нутагт аж үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.
Наадмаас наадам хүртэлх нэгэн жилийн хугацаанд манай аймгийн ажилсаг бүтээлч, авьяас билэгт ард иргэдийн дундаас Монгол улсын гавьяат цолтон 5, Улсын аварга малчин, тариаланч 4, аймгийн аварга малчин, тариаланч 24, урлаг, спортын алдартнууд олноор тодрон гарлаа.

Эрхэм хүндэт нутгийн ахан дүүсээ

Манай аймгийн зон олон сүүлийн 70 гаруй жилийн эргэлтэд Дорнод нутгаа бүтээн байгуулалт хөгжлийн талбар болгохоор чин сэтгэл, үнэн зүтгэл, ажил үйлсээ зориулж, амжилт ололтоор батлан харуулсаныг Монголын төр засаг өндрөөр үнэлэн энэ хавар Дорнод аймгийн хүндэтгэл ёслолын туган дээр их жанжны нэрэмжит “Сүхбаатар” –ын одонг залж өглөө. Аймаг маань Монгол төрийн хошой одонт аймаг боллоо. Манай иргэн бүхний сэтгэлийн толионд гэрэлтэх энэ одон ажил үйлс өөдрөг байхын билэг дэмбэрэл, хөдөлмөрлөж бүтээхийн урам зориг, дэвшин хөгжихийн омогшил тэмүүлэл оршоолоо.
Энэ жилийн наадам, өргөн түмний цэнгэлийн манлай, өндөр төрийн хүндэтгэл мялаалгын наадам болохыг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гардуулан өгөх үеэрээ “…Дорнодоос Монголын өглөө эхэлдэг. Тийм учраас Дорнодоос Монголын сайн сайхан эхэлж байх ёстой… Үүгээрээ манай Дорнодчууд гайхуулж явах ёстой…” гэж цохон дурдсаныг иргэн бүхэн эрхэмлэн, ажил үйлсээрээ гайхуулж, гялалзаж явна гэдэгт итгэл төгс байна.
Хурмаст тэнгэр чандмань эрдэнээ хайрлаж, ган тайлагдан зуншлага сэргэлээ. Өргөн тал нутаг минь Монгол төрийн түүхт ой, Монгол түмний цэнгэл баярын дэвжээ мэт торгон мяндсаар хөвөлзөнө. Энэ өргөн дэвжээн дээр зон олны заяа буян, цог хийморь, урам зориг, үйлс ажил, амьдрал ахуй урт сайхан Хэрлэн мөрний усан болорын өнгө шиг гялалзан гэрэлтэх болтугай.

Хүндэт наадамчид аа

Наадамчин олноо цэнгүүлэн баясуулах хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж, уяа сойлго тэгширсэн “Санбээсийн” хүлгүүд шандас хурдаа сорьж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж төгөлдөр сайхан наадахыг Та бүхэндээ хүсэн ерөөе.

Дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай.
Дорнод аймгийн баяр наадам ёслол төгөлдөр нээснийг айлтгая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *