Өнөөдөр 2017 оны их, дээд сургууль, коллежид элсэн орох элсэлтийн  шалгалт эхэлж байна. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг нийт 997 сурагч төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан аваад байгаа юм. Их дээд сургуульд элсэх шалгалт өгсөн тоон үзүүлэлтээрээ өнгөрсөн жил буюу 2016 онд 12 дугаар ангийн төгсөгчдийн 80%  нь шалгалтад орж, улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол энэ жил 12 дугаар ангийн нийт төгсөгчдийн 91%  нь шалгалт өгөх бүртгэлээ баталгаажуулж, шалгалтад 962 суралцагч оролцож байгаа юм.

IMG_0103

 

 

Шалгалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон байгууллагын удирдлагууд оролцлоо.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Их дээд сургууль, коллежд элсэн орох элсэлтийн шалгалтаа эхлүүлж байгаа нийт сурагч, хүүхдүүддээ  амжилт үзүүлэхийг хүсэн ерөөж, боловсролын салбарт хийгдэж буй ажлын талаар танилцуулсан.

Их, дээд сургууль, коллежд элсэх онооны  шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахад дэмжлэг болгох зорилгоор, элсэлтийн ерөнхий шалгалтыг угтаж, аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрээр, эрчимжүүлсэн сургалтыг 5, 6 дугаар сард Дашбалбар, Баян-Уул, Халхгол суманд,  аймгийн төвийн сургуулиудад амжилттай зохион байгуулж, нийт 171 багш, 824 сурагч хамрагдсан байна.  Цаашид эрчимжүүлсэн сургалтыг уламжлал болгон хэрэгжүүлнэ.

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын хэмжээнд тэргүүлж, элсэх элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр эзэлсэн амжилт үзүүлж байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015, 2016 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, сурагчаа бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн.

Монгол улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас манай аймгийг боловсролын төлөө хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж, “Боловсролд ээлтэй Засаг даргын Тамгын газар” хэмээн батламж олгосон билээ.

IMG_0124 IMG_0113 IMG_0122 IMG_0090

IMG_0098

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *