Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт хэрэгжих “Вируст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх” төслийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус төсөл нь Америкийн нэгдсэн улсад төвтэй 2011 оноос “Вируст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх” төслийг орон нутгийн хүн амын дунд хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол улсын 21 аймгийн 6 аймагт нь уг төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Харин энэ онд Дорнод аймгийн төв болон хөдөөгийн 13 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Төслийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын элэг судлаач, хавдрын нарийн мэргэжлийн эмч, хэт авиа болон элэгний хатуурлын зэрэг тодорхойлох оношилгооны эмч нарын баг хамтран ажиллах ажээ.

Аймгийн Засаг дарга төслийн багийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Төсөл 9 дүгээр сараас эхлэн хэрэгжинэ.

Тус төслөөр зорилтод бүлгийн хүн амыг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, халдвар илрээгүй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр В хепатитийн эсрэг дархлаажуулалтад хамруулж, элэгний хатуурлын эмгэг өөрчлөлт илэрсэн хүмүүсийг элэгний хатуурлын зэрэг тодорхойлох оношилгоонд хамруулж элэгний нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөх юм.

Мөн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, сум болон өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох эмч нарт элэгний эмгэг, вируст хепатитийн  урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар онол, гардан үйлдэл хосолсон  сургалтыг явуулах ажээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *