Гавьяат багш Чойровын Цэдэвсүрэн таалал төгслөө

19125886_1326061364179822_2047789416_o

Дорнодчууд бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүн, Монгол Улсын “Гавьяат багш“ Чойбалсан хотын хүндэт иргэн, Боржигон овгийн Чойровын Цэдэвсүрэн нь  2017 оны 06 сарын 07-ны өдөр хүнд өвчний улмаас бурхны оронд заларлаа.

Тэрээр 1936 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын Хадат гэдэг газар төрсөн.

1957 онд  Дорнод аймгийн Чойбалсан хотод багшийн сургууль төгсөж, бага ангийн багш мэргэжил эзэмшин:

-1957 оноос Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн сургуульд бага ангийн багш

-1960-1964 онд Түмэнцогтын сангийн аж ахуйн цэцэрлэгийн эрхлэгч

-1964-1970 онд мөн аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд бага ангийн багш

-1970-1976 онд Хэнтий аймгийн Дадал сумын сургуульд

-1976-1980 онд Чойбалсан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд

-1980-1998 онд 5 дугаар сургуульд

-1998 оноос 10 жилийн 1 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж, амьдралынхаа 52 жилийн хөдөлмөрөө боловсролын байгууллагад зориулжээ.

Багшлах хугацаандаа, нийт 18  удаа бага анги даан авч ажилласан бөгөөд сүүлийн 30 гаруй жилд сурагчдыг 100 хувийн амжилттай, сурлагын чанарыг 90-100 хувьд хүргэн сургасан байна.

Даасан ангийн сурагчид нь сурлага, урлаг, спортоор улс, хот аймгийн чанартай уралдаан, тэмцээнд оролцож,  алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд “Аймгийн тэргүүний баг”-аар 4 удаа, “Хошой тэргүүний баг”-аар 3 удаа, “Аймаг хотын тэргүүний бүлэг”-ээр 10 удаа, Сургуулийн “Соёлч бүлэг”-ээр 9 удаа, “Монгол хэлний  хичээлийн уламжлалт олимпиад”-д улсад 2 удаа, аймагт 6 удаа, “Унших хичээлийн олимпиад”-д         21 удаа “Тэргүүн” байранд шалгарч байв.

1980-1988 онд 5 дугаар сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн даргаар ажиллаж байх хугацаанд Ч.Цэдэвсүрэн багшийн хариуцсан нэгдлээс “Тэргүүн туршлага эзэмшигч багш” 3, “Тэргүүний заах аргач” 2 шалгарч, нэгдлээрээ “Аймгийн болон сургуулийн аварга хамт олон” болсон зэргээс харахад залуу багш нарт үлгэр дуурайлал үзүүлэх, зөвлөн туслах чиглэлээр манлайлан ажиллаж байжээ.

Монгол Улсын “Гавьяат багш”  Ч.Цэдэвсүрэнгийн тэргүүн туршлага улс, орон нутгийн сонин хэвлэлд нийт 13 удаагийн мэдээ, материал нийтлэгдсэнээс 1 нь Зөвлөлт холбоот улсын сонинд хэвлэгдсэн. 1989 онд бага ангийн багш нарт зориулсан “Зөвлөмж” ”Гарын авлага” бичиж, нийтийн хүртээл болсон.

“Багшийн эрдэм шавьд” хэмээдэг. Түүний хичээл сурталтадаа нэвтрүүлсэн сургалтын арга барил, туршлага нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүрч ажиллах, хоцрогдолгүй сургахад чиглэгдэж байсны үр дүнд олон маянган шавь нар нь эх орныхоо өнцөг булан бүрт нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж амьдарч байна.

Гавьяат багш Ч.Цэдэвсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн:

- 1991 онд онд Монгол Улсын “Гавьяат багш”

-“Хөдөлмөрийн хүндэт” медаль,

-“Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг,

-Чингисийн 800 жилийн ойн медаль

-Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль

-Монгол улсын “Зөвлөх багш” цолоор тус тус шагнажээ.

Монгол улсын гавьяат багш Ч.Цэдэвсүрэн таны Монгол улсын, тэр дундаа Дорнод аймгийн боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг тань залуу залгамж халаа болсон хойч үеийн багш нар түгээн, тэргүүн туршлагыг тань нэвтрүүлэн ажиллаж,  хийсэн бүтээсэн, гавьяа зүтгэлийг тань үеийн үед мөнхжүүлэх болно.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

АХМАД БАГШ НАРЫН ХОЛБОО

 

2 Responses to Гавьяат багш Чойровын Цэдэвсүрэн таалал төгслөө

  1. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

    Ганбат
    2017 06.13 at 20:46
    Reply

  2. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ УМ МАНИ БАД МЭ ХУМ

    Ганбат
    2017 06.13 at 20:48
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *