Явуулын багаар нийт 5681 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ

16299395_1188769134552392_7158099784215705030_n-e1485770642848

Аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжыг хэрэгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлыг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор аймгийн Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамтарсан “Явуулын баг” 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд аймгийн 14 суманд ажилласан.
Хөдөөгийн 475 малчин өрхийн 1298 иргэнд, сумын төвийн 4383 иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.

Дүгнэлт

• Насанд хүрэгчдийн дунд зүрх судасны тогтолцооны өвчин тэр дундаа цусны даралт ихсэх өвчин нийт өвчлөлийн 53 хувийг эзэлж байгаа нь амь насанд эрсдэлтэй байдлыг үүсгэж байна.
• Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүдний өвчлөл маш өндөр байна. Үүнтэй холбоотойгоор хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг өсвөр наснаас эхлэн өртөмтгий болж байна.
• Хүүхдийн өвчлөлийн дунд томуу, томуу төст өвчнин 62 хувийг эзэлж байгаа нь цаг, улирлын шалтгаантайгаар ихсэж байна.
• Өрхийн эмийн санд шаардлагатай эмийн хангалт байхгүй, тэр тусмаа цусны даралт ихсэх өвчинтэй иргэдэд хэрэгцээт эм байхгүй байгаа нь давхар эрсдлийг үүсгэж байна.
• Эмэгтэйчүүдийн өвчний 66 хувийг үтрээний үрэвсэлт өвчин эзлэж байгаа нь эрүүл зан үйлтэй холбоотой байна. Йимд ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуйн хичээлийн хөтөлбөрт бэлгийн эрүүл ахуйн сэдвийг өсвөр насны охидод чухалчлан оруулах хэрэгцээтэй байна.
• Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн/ иргэдийг асран хамгаалагчгүй гэртээ үлдээж байгаа нь төмөр зууханд түлэгдэх, галын аюулд өртөх эрсдэл ихтэй байна.

Цаашид

• Насанд хүрэгчдийн дунд цусны даралт ихсэх өвчний тохиолдол өндөр байгаатай холбогдуулан өөх тос, давс, сахарын хэрэглээг багасгах, эмийн эмчилгээний ашиг тус, хувийн ариун цэврийг сахих зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллах
• Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүдний өвчлөл маш өндөр байгаа тул шүдний эмчийн үзлэгийг хуваарь гарган, сумдад улирал бүр ажиллуулах
• Иргэдэд гэрийн нөхцөлд үүсэж болзошгүй гэмтэл, түлэгдэлт, хөлдөлт цаг, улирлын шалтгаантайгаар ихсэж байгаа өвчлөлийг урьдчилан сэргийлэх зорилгоор сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт зөвлөмж хүргүүлэн ажиллаж байх

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *