“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлт аймгийн Биеийн тамир спортын газрын спортын зааланд зохион байгуулагдлаа. Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.

18199464_1430282580356308_2946139409905161227_n

Тус хөтөлбөрийн нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн дарга Ж.Должин, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж нар оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.

IMG_0020

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм

 

Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд:
§ Хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх,
§ Өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох,
§ Архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх,
§ Элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх,
§ Халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

IMG_0025

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *