Дорнод аймаг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсаныг тохиолдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хэлсэн үг

IMG_4796

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.

Миний нутгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд ээ.

Монголын Улсын Ерөнхийлөгч, ардчилсан төрийн тэргүүн Эрхэм хүндэт Та зарлиг буулган, Дорнод аймаг, сумдын сүлд хийморийн туган дээр их жанжны нэрэмжит  “Сүхбаатар”-ын одонг  залж өглөө. Төрийн өндөр  шагналыг аймаг хотлоороо хүртсэн түүхт энэ  өдөр, эвийн халуун сэтгэлт халх, буриад, барга, үзэмчин түмнийхээ баяр талархалыг  Танд уламжлахад таатай байна.

Энэхүү шагнал  нэг аймгийн нэр  дуудан олгосон нэг одон хэдий ч манай  аймгийн  иргэн бүхний ажил үйлс, амжилт бүтээлийг үнэлсэн, урам зориг бахархалыг  огшоосон, баялаг бүтээж хөгжил дэвшилд тэмүүлсэн зон олны сэтгэл зүтгэлд гэрэлтэх одон юм.

Дорнодчууд, аймгаараа төрийн хүндтэй шагнал хүртэж, түүний утга учир ач холбогдлыг харуулж ирсэн уламжлалтай.

1931 онд Хан Хэнтий Уулын аймгаас туурга тусгаарласан манай  аймгийнхан  1935 оноос  1945 оны дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, цэрэг армийн ар талын өргөн шугаман дээр  10 жил ард цолтой  байлдагч явсан. Дэлхийг нөмрөх фашизмийн хар аюулыг зайлуулах  хүн төрөлхтний шударга ариун үйлсэд  Оросын ард түмний талд баттай зогсож, “Бүхнийг  фронтод”, “Бүхнийг ялалтад” гэсэн уриан дор ажиллаж хөдөлмөрлөхийн үлгэр дуурайллыг үзүүлж байсан. Ийнхүү дайн байлдааны аюул түгшүүр дор ачааны хүндийг өргөж авсан, дааж явсан, давж гарсан төдийгүй тухайн үеийн улс ардын аж ахуйн төлөвлөгөөт зорилтуудыг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилтаараа 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар анх удаа  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртсэн түүхтэй. Энэ нь нэгэн үеийн  үнэлгээ, хойч үеийн бахархал,  энх цагийн их бүтээн байгуулалтын  дуудлага болжээ.

Өнөөдөр Дорнодчууд  төрийн хүндтэй шагналыг 70 гаруй жилийн завсарлагатай хүлээн авч, төрийн хошой одонт аймаг боллоо. Манай аймаг  дэлхийн дайны дараах төлөвлөгөөт эдийн засгийн 50 шахам жилд  эдийн засгийн хөгжлийн тулгуур  болсон уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэр, газар тариалангаар өргөжүүлэн шинэ шатанд гаргаж, боловсрол соёлын их дэвшилд хүрсэн. Энэ бол ард иргэдийн урт хугацааны их ажил, их хөдөлмөрийн үр дүн байлаа.

Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцооны 20 гаруй жилийн өнөөгийн хөгжил нь  эрх чөлөөт иргэд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ажиллаж  хөдөлмөрлөж, санаснаа хийж бүтээх боломжтойг харуулж  байна. Олон арван жилийн турш  аймгийн мал сүрэг 1-1,2  сая толгойд хэлбэлзэж байсан бол одоо 1,7 сая толгой малтай боллоо.  Зах зээлийн жилүүдэд хагас саяаар нэмэгдэж  малчин нэг өрхөд дунджаар 400 гаруй толгой мал оногдож байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 21 аймгаас 3 дугаарт  эрэмбэлэгдэж, хүн амын өсөлт, эхийн эндэлгүйн үзүүлэлт болон боловсролын чанарын түвшингээр улсад тэргүүлж явна. Өрх гэрээ өрнүүлэх хос залуусын тоо жил тутам нэмэгдэж, Чойбалсан хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна. Талын хотод чандманьлах Адуунчулууны ил уурхай, Дулааны цахилгаан станц, Гурил тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн баялаг,  өөрийн аймгаас давж, зэрэгцэн айлсах аймгийн төв, сумдыг хангаж, манай аймаг зүүн бүсийн тулгуур төвийн үүргээ гүйцэтгэж байна. Эх орны зүүн хил хязгаарт орших Дорнод аймаг маань мөнхийн хоёр их хөрштэйгээ эдийн засаг, нийгмийн өргөн харилцааны үүд хаалгаар хөгжил дэвшлээ ахиулж байна.

Дорнын уудам талаар өндөр хүчдэлийн шугам өртөөлж, бүх сумын төв, уул уурхайн суурингууд  найдвартай эрчим хүч, хөгжлийн ундаргатай боллоо. Аймаг, сумын төвүүд их талдаа хаяа тэлж, хөх  тэнгэртээ дээвэр туургаа өндөрсгөн дүр төрх өнгө зүсээ шинэчлэн, хөгжингүй  улс орны хот тосгодтой ижилсэхээр тэмүүлж байна.  Малчин иргэн ертөнцийг  тольдон харж, дэлхийтэй харилцаж байна. Олон улсын түвшинд  хүрсэн мэдлэг боловсролтой, дэлхийг багтаасан сэтгэлгээтэй, ажиллаж бүтээж чаддаг энэ зууны иргэн төлөвшиж  байна. Энэ бол эрх чөлөөт иргэдийн бүтээлч хөдөлмөрийн бодит ололт юм. Нийгмийн тогтолцоо сэлгэсэн  сүүлийн 70 гаруй жилд Дорнодчуудын  олсон амжилт бүтээл, хөгжил дэвшлийг  манай төр засаг өндрөөр  үнэлэн  өнөөдөр энэ эрхэм хүндтэй шагнал хүртээлээ. Төрийн дээд энэ шагнал, Дорнод аймаг 2016-2025 он хүртэлх хөгжлийн хэтийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх гарааны жилүүдэд тохиож байгаа нь манай  зон олны ажил үйлс өөдрөг байхын бэлэг дэмбэрэл, хөдөлмөрлөж бүтээхийн урам зориг, дэвшин хөгжихийн омогшил тэмүүллийг бидэнд өглөө.

Аминаас илүү үнэтэй тусгаар тогтнолоо эрхэмлэж явахыг мөнхийн гэрээслэл болгон үлдээсэн, ардын хувьсгал, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Хэрлэн мөрний уугуул хүү маршал Хорлоогийн Чойбалсан,  улс орноо хүн төрөлхтний нийтлэг жишиг замналаар хөгжүүлэх чин зорилгот, ардчилсан хувьсгалыг манлайлагч Дорнод нутгийн удамт хүү Санжаасүрэнгийн Зориг нарынхаа гэрээслэл, зорилгыг дээдлэн манай аймгийн ард иргэд ажиллаж, бүтээж, хөгжил дэвшилд хүрч чадахаа энэ тэмдэглэлт сайхан өдөр илэрхийлж байна.

Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *