“Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ

IMG_0129

“Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд  Дорнод аймаг зохион байгуулагдаж байна. Нийгмийн дуу хоолой болсон сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн ил тод байдал, Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн чиг үүрэг, Монголын сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Иргэдийг мэдээллээр хангахад сэтгүүлчдийн үүрэг, ёс зүйн анхаарах асуудал, Төрийн байгууллага Засаг захиргааны зүгээс хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахад тулгарч буй бэрхшээл, хүндрэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулахын зэрэгцээ хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнод аймгийн Засаг захиргаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг цаг үргэлжид үнэний дуу хоолой байхаас гадна олон нийтийг соён гэгээрүүлэх үндсэн үүрэгтэй. Тиймээс ч төр засаг, орон нутгийн бодлого шийдвэрийг иргэдэд үнэн зөв бодитоор хүргэх чиглэлээр аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаар дамжуулан харилцан хамтран ажиллаж байна.

IMG_0118

Манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэлээдгүй олонтой, үүнд үе үеийн ахмад сэтгүүлчид өнөөдөр яг энэ салбартаа ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын хүч оролцоо, хувь нэмэр асар их гэдгийг энд онцлон дурдаад,

Ууган хэвлэл Дөл сонины анхны дугаар тэртээх 1945 оны Чөлөөлөх дайны үед хэвлэгдэн гарч байсан түүхтэй, орон нутгийн анхны хувийн телевиз Шинэ суваг байгуулагдаад 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны байдлаар Дорнод аймагт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч Шинэ суваг, ТВ6, Мижи, Дорнод телевиз, PBS, D1 зэрэг 6 телевизийн суваг, долоо хоног тутмын Дорнод, Дөл сонин, Талын анир, Дорнод зон сэтгүүл, богино долгионы радио фм Авто радио-102,7, Цахим сайт 4, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Хэрлэн, Цацраг, Airmedia зэрэг 3 кабелийн телевиз тус салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

IMG_0105

Монголын сэтгүүл зүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа та бүхний “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” бүсийн зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ”.

Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл уулзалт зөвлөгөөнд 21 аймгийн 90 орчим төлөөлөгч оролцож байна. Зөвлөгөөн үргэлжилж байна.

IMG_0127


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *