ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Дорнод аймагт ажиллав

IMG_0217

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Дорнод аймагт ажиллаж, мал төллөлт хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцав. Тэрээр 2017 оны 03-р сарын 31-ээс 04-р сарын 01-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Халхгол төслийн үйл ажиллагаа болон Алтай группийн малын тэжээлийн үйлдвэрээр орж танилцлаа.

IMG_9288

Дорнод аймгийн Халхгол суманд ажиллах үеэр Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазад татан төвлөрүүлж, хэрэгцээтэй газар нь хувиарлахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн шийдвэрлэлээ.  Энэхүү шийдвэрийг  Халхгол сумын загвар аж ахуйн нөхцөл байдалтай газар дээр танилцах үеэр гаргасан байна.

Монгол улсын Засгийн газар  Бүгд найрамдах Солонгос улсын Койко байгууллагын буцалтгүй тусламжаар  Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн загвар аж ахуйг 2009 оноос эхлэн байгуулан өнгөрсөн жил хүлээлгэн өгчээ. Энэхүү Загвар аж ахуй махны чиглэлийн 100, сүүний чиглэлийн 25 үхрийн байртай, газар тариалан эрхлэх 150га газар, усалгааны систем бүхий 750мкв-т газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой юм. Мах сүүний чиглэлээр үхрийн аж ахуйг энд эрхлэснээр Дорнод аймаг цаашлаад зүүн бүсийн үхрийн удам угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх боломжтой юм. Мөн хүнсний ногоо тариалснаар орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах, алслагдсан энэ суманд ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.  Энэхүү загвар аж ахуйд өнөөгийн байдлаар 80 гаруй үхрийг маллаж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд  П.Сэргэлэн “Дорнод аймгийн Халхголын бүс нутагт Хүнс хөдөө аж ахуйн салбараас хийх олон ажлууд байна.  Мал аж ахуйд бэлчээрийн талбайн ашиглалтын асуудал, хадлан тэжээлийн бэлтгэл ажлуудыг төлөвлөгөө, зохион байгуулалттай хийх нь чухал байна. Салбар яамнаас Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн зураглалыг гаргаж дууссан. Энэ хүрээнд орон нутгийн аль бус нутагт ямар үйлдвэрийг байгуулах, зах зээл болон хилийн боомтуудаар  экспортод гаргах боломжийн талаар судлаж орон нутаг ажиллаж байна. Халх голын энэ бүс нутагт газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлага байгаа юм.  Мөн тэжээлийн үйлдвэр байгуулах, түүндээ түшиглэн  мах сүүний эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх, махны боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой юм. Баянхошуу, Нөмрөгийн боомтуудаар Бүгд найрамдах Хятад улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжууд байна. Энэхүү эдийн засгийн үр өгөөж боломжуудыг судлаж байж шийдвэр гаргах шаардлагатай” гэдгийг тэрээ онцолж байв.

Халхгол суманд ажилласны дараагаар албаны төлөөлөгчдийн хамтаар Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллаж салбарын бодлого, шийдвэр хийж хэрэгжүүлж буй ажил болон, албан хаагчдынхаа санал, бодол тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Аймгийн ХХААГ-аас үйл ажиллагаа болон мал төллөлт хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

IMG_0221

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Яамны зүгээс 2017 оныг малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бодлогын ажлууд хийгдэхээр салбарын эрдэмтэд, өмнө нь ажиллаж байсан ахмадуудтай уулзаж санал бодлыг тусган ажиллаж байна.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-наас 2016-2020 онд  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” гэсэн зорилт тавьсан. Зорилтын хүрээнд “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, Малын удам угшлыг сайжруулах дэд хөтөлбөр, “Мах, сүүний аян”, “Атрын III аян” зэрэг  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Тийм ч учраас орон нутгийн ХХАА-н газрууд салбарын  бодлоготой үйл ажиллагааны зорилго, зорилтоо уялдуулж төлөвлөгөө боловсруулж  ажиллах ёстой. Хариуцлага хяналтыг сайжруулж ажиллах нь чухал гэдгийг онцлов.

Дорнод аймгийн хээлтэгч малын  2.2 хувь төллөжээ

2017 онд нийт хээлтэгчийн 83 хувь буюу 628728 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна. Нийт хээлтэгч малын 2.2 хувь буюу ингэ 77 толгой, гүү 1081 толгой, үнээ 3255 толгой, эм хонь 7806 толгой, эм ямаа 5148 толгой нийт 17367 толгой хээлтэгч мал /2017.04.01/ төллөсөн. Төлийн хорогдол 1.8 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологдсон. Өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад 5 төрөл дээрээ 167485 толгой буюу 10,7 хувиар өссөн байна.

Ноолуурын үнэ 103 мянган төгрөг байна

2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ. Аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121,4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байна. Ноолуур /2017.04.01/ 100000-103000 төгрөг, Үхрийн шир 20000-30000, Адууны шир 20000-25000, Ямааны арьс 15000 төгрөгийн үнэ ханштай байна

909,9 мянган толгой мал вакцинжуулжээ

Матад, Хөлөнбуйр суманд оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 52 өрхийн 692 малыг устгалд хамруулсан. Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2017 оны 03 дугаар сарын 15 –ны өдөр тухайн сумын Засаг даргын захирамжаар цуцлаад байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 14 сумын 997,4 мянган толгой мал хамрагдахаас 909,3 мянган толгой мал хамрагдаж 91,2 хувийн гүйцэтгэлтэй дууссан.

43,9 мянган га-д тариалалт хийнэ

2017 оны хаврын тариалалтын урьдчилсан төлөвлөлт, тариалалтад шаардагдах үр, ургамал хамгааллын бодисын захиалгыг аж ахуйн нэгж тус бүрээр гарган  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригад 80,0 мянган га эргэлтийн талбайгаас 43,9 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байна.  Үүнээс:  61,2 хувь буюу 26.9 мянган га нь уриншинд үлдсэн 38,7 хувь нь гуурс болон хаврын хагалгаанд тариалах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *