Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг явагдана

IMG_0079

Аймгийн Засаг даргын А/129 дүгээр захирамжийн дагуу Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг явуулах талаар 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга С.Батсүх, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбарын дарга О.Пүрэв-Очир, аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэл хөдөө сумдад 3-р сарын 29-нөөс эхлэх гэж байна. Харин аймгийн төвд 5-р сарын 17-ноос эхлэх бөгөөд энэ жилийн тухайд техникийн хяналтын үзлэгийн үнэ 1 дахин нэмэгджээ. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хөдөө сумдад 3-р сарын 29-нөөс 5-р сарын 12-ныг дуустал явагдахаар боллоо. Харин аймгийн төвд 5-р сарын 17-ноос эхлэн жилийн турш үргэлжлэх юм байна. Энэ жил техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдэж суудлын автомашин 20 мянган төгрөг, ачааны автомашин 30 мянган төгрөг, автобус 30 мянган төгрөг, нийтийн зориулалттай тээврийн хэрэгсэл 30 мянган төгрөг, такси 20 мянган төгрөг, механизм 30 мянган төгрөг, чиргүүл 10 мянган төгрөг болсон байна. Харин техникийн хяналтын үзлэгийн үеэр шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох зэрэг бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Дорнод аймгийн хэмжээнд 16 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 10500 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт оржээ. Нэг үгээр бол нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь техникийн үзлэгт хамрагдсан байна. Тиймээс ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлын хүрээнд 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж хасалт хийлгэх боломжтой болжээ. Харин авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг 3-р сарын 20-ноос 6-р сарын 1-ны хугацаанд хураан авахаар болж байгаа юм. Өнгөрсөн онд авто тээврийн хэрэгслийн татвар төлбөрөөр 362 сая төгрөг төвлөрсөн бол энэ онд 345 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Дорнод аймагт техникийн хяналтын үзлэг т орсон нийт тээврийн хэрэгслийн 70 хувь нь орон нутгийн дугаартай, үлдсэн 30 хувь нь Улаанбаатарын дугаартай байна. Тиймээс Дорнод аймагт байнгын байдаг тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаартай болгож шилжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр орон нутагт орох орлого нэмэгдэнэ, нөгөө талдаа тээврийн хэрэгслийн татвар, төлбөр төлөгчид хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *