Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/95 дугаар захирамж гарсан. Уг хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалврын өдрийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, суралцагчдыг хамруулах арга хэмжээг зохион байгуулах аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл даргатай ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах юм. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэнэ.
Энэ талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хошууч О.Ганзоригоос тодруулав. 

О.Ганзориг:         Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг аймагтаа бэлтгэсэн. Харин энэ жил манай аймагт нийт 50 оюутан цэрэг бэлтгэх ба үүний 20 нь Говьсүмбэр аймгаас ирэх юм. Оюутан цэрэгт Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс нийт 40 оюутан бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт 33 оюутан тэнцсэн. Энэ сарын 20-ны өдөр оюутнуудаас бие бялдрын түвшин тогтоох шалгалт авна. Тэнцсэн оюутнууд 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд Цэргийн ерөнхий бэлтгэлд суралцах юм. Үүний дараагаар дахин 2 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Цэргийн тусгай бэлтгэлд хамрагдан цэргийн жинхэнэ албыг хааж дуусан, тангараг өргөнө. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэрэг ач холбогдолтой учир оюутнууд сайн дураараа хамрагдах сонирхол нэмэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *