Үндсэн хууль батлалцсан депутатуудын гурав нь орон нутагтаа ажиллаж амьдарч байна

olloo_mn_1421114779_vndsen-huuli

Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж жил бүр Үндсэн хууль батлалцаж явсан төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин энэ удаад 25 жилийн ойд зориулан улс орон даяар шатрын тэмцээн, орон нутгаас сонгогдсон депутатуудын түүх намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлсээр  музейд танхим байгуулах, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг  өргөн цар хүрээтэй ажлуудыг зохион байгууллаа.

Үндсэн хуулийн төслийн талаар ард түмнээсээ гурван сарын хугацаанд санал авч, Ардын Их хурлын 430 депутат 76 хоногийн турш хуралдаж, анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Дорнод аймгаас АИХ-д сонгогдсон 19 депутатын 10 нь өдгөө амьд сэрүүн байгаагийн гурав нь орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Энэхүү түүхэн үйл явдалд гар бие оролцсон дээрх хүмүүсийн товч намтрыг хуваалцая.

ДАРЬЖАВЫН ЛХАМСҮРЭН ДАРЬЖАВЫН ЛХАМСҮРЭН

/АИХ-ын 173-р тойргийн депутат/

             1948 оны 01 дүгээр сарын 16-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Холбоо нуур гэдэг газарт Баруун хуасай Дондогийн Дарьжавын ууган хүү болж төрсөн.

1957-1967 онд Баян-Уул сумын дунд сургуульд, 1967-1971 онд УБДС-д суралцан төгсөж, Түүх-газарзүйн багш мэргэжил эзэмшсэн.

1971-1996 онд Баяндун сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1996-2000 он хүртэл сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан.

1990 оны ардчилсан хувьсгалын анхны хараацайнуудын нэг байж, 1989 онд Баяндун сумын МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулан зохицуулагчаар нь ажиллаж байгаад 1990 онд МоАН-ын үүрийг сумандаа байгуулан Намын үүрийн даргаар ажиллаж байсан, 1990-1992 онд сумаасаа Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон, Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан гавьяатай хүн юм.

ЦЭГМИДИЙН НЯМ

ЦЭГМИДИЙН НЯМ

/АИХ-ын 174-р тойргийн депутат/

            Дорнод аймгийн Аравжаргалант сумын нутаг “Гэдгэр” гэдэг газарт 1948 оны 05 дугаар сарын 17-нд төрсөн.

1955-1965 онд дунд сургуульд суралцаж Чойбалсан хотын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн.

1965-1967 онд Дорнод УААБУКонторт ажилчин, уурын зуухны галч, ачигч, Хэрлэн сангийн аж ахуйн дунд сургуульд багшаар, 1967-1970 онд Ардын армид хугацаат цэргийн алба хаасан, 1970-1974 онд Дорнод УААБУКонторт бригадын дарга, мастераар, 1974-1980 онд ЗХУ-ын Ташкент хотод суралцаж дээд мэргэжил эзэмшсэн.

1980-1990 онд Дорнод аймгийн УААУГазарт Ерөнхий инженер, Баянтүмэн сумын услалтын системийн ахлах инженер, ХАА-н услалтын газарт мэргэжилтэн, 1990-1993 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Баясгалант хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргаар, 1993-1996 онд “Мянган цацал” ХХК-ийн захирлаар тус тус ажилласан.

1997-1998 онд Улаанбаатарын усан хангамжийн өргөтгөлөөр “Дай Ниппон” компанид хяналтын инженер, 2001-2008 оныг дуустал “Говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх санаачилга” НҮБ-ын хөдөөгийн хөгжил хөтөлбөрийн “Бэлчээрийн тогтвортой менежмент” зэрэг төслүүдэд зөвлөх инженерээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

ХАЙДАВЫН ЧУЛУУНБААТАР

ХАЙДАВЫН ЧУЛУУНБААТАР

/АИХ-ын 175-р тойргийн депутат/

                1953 онд Аравжаргалант буюу одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутаг Гэзгийн тойром гэдэг газар ард Хайдавын 6 дугаар хүү болж төрсөн.

1962 онд сургуульд орж, 1972 онд Дорнод аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги, 1989 онд ХААИС-д эчнээгээр суралцан төгсөж, ХАА-н нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

1972 онд 10 дугаар ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Дорнодын Мах комбинатад нормчин, 1973-1976 онд Ардын армид хугацаат цэргийн алба хааж ирээд Булган сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар 1976-1983 онуудад ажиллаж улмаар мэргэжил эзэмшиж “Туг” нэгдэлд туслах ба ерөнхий нягтлан бодогч хийж байгаад 1992 оноос “Дорнод туг” ХХК байгуулан одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна.

Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх хууль батлагдан 1992 оноос орон нутгийн ИТХ-ыг байгуулахад сумын анхны даргаар нь сонгогдон, 1992-1996 онд сумын ИТХ-ын дарга, 1997-1998 онд үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж сумын төр, олон нийтийн байгууллагад тасралтгүй сонгуульт үүргийг хавсран гүйцэтгэж ирлээ.

Хамт олны итгэлийг хүлээн аймгийн АДХ-ын депутатаар 2 удаа, сумын  АДХ-ын депутатаар 5 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцах хүндтэй үүргийг хүлээв.

Мөн МАХН-ын Онц их хуралд 1990 онд төлөөлөгчөөр оролцон, МАХН, МХЗЭ, ХАА-н хоршоологчдын холбооны их хурлуудад удаа дараа төлөөлөгчөөр оролцож байсан юм.

ЧҮЛТЭМИЙН ЖАМЪЯАН

 ЧҮЛТЭМИЙН ЖАМЪЯАН

/АИХ-ын 176-р тойргийн депутат/

             Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт Буян-Овоо гэдэг газар төрсөн. 10 жилийн дунд сургууль, Намын дээд сургууль дүүргэсэн, Цэргийн алба хаасан.

Дорнод аймгийн Матад, Гурванзагал, Булган, Сүхбаатар сумдад эвлэлийн үүрийн дарга, Засаг даргын албыг 25 жил хашсан.

МАХН-ын Онц их хурлын төлөөлөгч, АИХ-ын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон.

Жамъяаны гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн 60 жилийн ойн медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.

Тэрээр яруу найраг, дууны үг олноор бичсэн бөгөөд Дархан-хааны хурдан хонгор, Сүх жанжны сургууль, Зааны хүчтэй начин Ж.Чулуунд зориулсан, Мэлмий эмч, гавьяат эмч Ч.Оросоод зориулж шүлэг дууны үг бичсэн байна.

БАЗАРГҮРИЙН БУЯНМӨНХ

БАЗАРГҮРИЙН БУЯНМӨНХ

/АИХ-ын 177-р тойргийн депутат/

 1958 онд Дорнод аймгийн Баян-уул сумын нутагт төрсөн.

1966-1976 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургууль, 1980-1986 онд Белорусын Улс ардын аж ахуйн дээд сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн.

Б.Буянмөнх нь 1976-1977 онд Улсын барилгын зургийн төв институтд хуулагчаар ажиллаж байгаад 1977-1980 онд цэргийн алба хаасан. 1986-1988 онд Улсын төлөвлөгөөний комиссын тооцоолох төвд мэргэжилтэн, 1988-1990 онд Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороо, 1990-1991 онд Нийгэм эдийн засгийн улсын хороонд мэргэжилтнээр ажиллаж байлаа.

1991-1993 онд Шинэ дэвшилт холбооны ахлах менежер, 1993-1996 онд “Тоноглол” ХХК-д орлогч захирал, 1996 онд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, 1996-1997 онд Төрийн өмчийн агентлагийн мэргэжилтэн, Төрийн өмчийн газрын даргаар ажиллаж байв.

2000-2007 онд Төрийн өмчийн газарт зөвлөх, 2007-2009 онд Төмөр замын газрын Бүртгэл мэдээллийн төвийн дарга, 2009-2010 онд Төмөр замын газрын зурвас газрын дэглэмийн Улсын байцаагчаар тус тус ажиллаж байв.

Б.Буянмөнх нь 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн намыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1990-1992 онд АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар депутатаар сонгогдож Монгол улсын Үндсэн хуулийг батлалцсан юм.

ДАМДИНСҮРЭНГИЙН ЭНХБААТАР

ДАМДИНСҮРЭНГИЙН ЭНХБААТАР

/АИХ-ын 178-р тойргийн депутат/

          1960 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт төрсөн. 1968-1978 онд Бага, дунд сургууль, 1978-1983 онд ЗХУ-ын Ленинград хотын их сургуульд суралцаж төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй.

Батлан хамгаалахын их сургуулийн Удирдлагын академийг Оператив-тактик, Команд штабын мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн боловсролын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

1983 оноос “Новости Монголий” сонин, Монголия сэтгүүлд сурвалжлагч, “Монцамэ” агентлагийн гадаад мэдээлэх редакцид редактор, 1990 оноос Ардчилсан намд сонгууль ажил гүйцэтгэж байсан.

МоАН-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн байсан.

Зэвсэгт хүчний жанжин штабын II газарт Оперативын офицер, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 2006-2009 онд Батлан хамгаалах яамны харьяа “Транс сэргэлт” ТӨҮГ-ын дэд захирал, 2009-2010 онд БХЯамны Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2009 оноос Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, 2010 оноос ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Үндсэн хуулийг боловсруулах, батлахад биечлэн оролцсон гавьяатай юм.

ДААШИНХҮҮГИЙН БААТАРХҮҮ

ДААШИНХҮҮГИЙН БААТАРХҮҮ

/АИХ-ын 179-р тойргийн депутат/

                1940 онд Завхан аймгийн Сантмаргад сумын нутагт төрсөн.

1964 онд Эдийн дээд сургуульд ХАА-н эдийн засагч мэргэжилтэй, 1979-1981 онд Москва хотын Намын дээд сургуульд суралцан Нийгэм судлаач мэргэжил эзэмшсэн.

Д.Баатархүү нь 1964-1967 онд Завхан аймгийн Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1968-1979 онд АДХ-ийн гүйцэтгэх захиргааны орлогч дарга, ХААУ газрын дарга, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга, 1981-1983 онд Хөвсгөл аймгийн АДХ-ын гуйцэтгэх захиргааны орлогч дарга, ХААУ газрын дарга, 1983-1990 онд Дорнод аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, 1990-1992 онд мөн аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчдийн дарга, 1993-2002 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газарт албаны даргаар тус тус ажиллаж байлаа.

МАХН-ын гишүүн, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгийн АДХ-ын депутатаар 10 удаа, АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдсон.

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар 179-р тойргоос Улсын Бага хуралд сонгогдон ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад оролцсон сонгогчдын санаа бодлыг төлөөлөн илэрхийлэхийн сацуу өөрийн үнэтэй саналуудыг дэвшүүлэн хуулийн төсөлд тусгуулж үндсэн хуулийг олон нийтэд ойлгуулан таниулж хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. МАХН-ын XVII, XIX Онц их хурал, МҮЭ-ийн XIII их хурал, нэгдэлчдийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон.

ДОРЖСҮРЭНГИЙН ЖУМДААНБААТАР

ДОРЖСҮРЭНГИЙН ЖУМДААНБААТАР

/АИХ-ын 180-р тойргийн депутат/

             1951 онд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт төрсөн. 1975 онд МУИС-ийн Авто инженерийн ангийг төгссөн. 1975-1982 онд Авто засварын газар засварчин, инженер, 1982-1984 онд Материал техник хангамжийн удирдах газарт хэлтсийн дарга, 1984-1985 онд ХАА-г удирдах газарт Сүү тосны мэргэжилтэн, 1985-1989 онд Нэгдэл дундын үйлдвэрт инженер, 1989 оноос аймгийн Нэгдлийн зөвлөлд байцаагч, 1990 оноос аймгийн Нэгдэлчдийн холбооны зөвлөлийн зохион байгуулагч, эрх зүйн хэлтсин дарга, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 1992-1995 онд ХАА-н биржийн захирал, 1997-2001 онд аймгийн Зам ангид, 2001-2010 онд “Адуунчулуун” ХХК-д ажиллаж байлаа.

Мөн 1975-1996 он хүртэл оны БХН-ийн жолооны курст 20 гаруй жил багшилсан.Сүүлийн үеийн машин техникийн катологийг Англи хэлнээс өөрөө орчуулж машин техникийг засдаг байсан.

 

 

БАЗАРЫН ЖАДАМБАА

БАЗАРЫН ЖАДАМБАА

/АИХ-ын 181-р тойргийн депутат/

 1949 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн. 1957-1961 онд Хөлөнбуйр сумын бага сургууль, 1961-1964 онд Чойбалсан хотын   1-р 10 жилийн дунд сургууль, 1964-1967 онд Чойбалсан хотын ХАА-н техникум, 1982-1987 онд Улаанбаатар хотод ХАА-н дээд сургууль төгссөн дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй.

ОХУ, БНХАУ, Египет улсад МАА-н эмнэлэгийн үйлчлэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1967-1975 онд Хөлөнбуйр сумын 1-р бригад “Барга” хонины улсын үржлийн ферм ЭТЦэгт малын эмч, 1975-1982 онд Хөлөнбуйр сумын АДХ-ын  Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, 1987-1990 онд сумын мал эмнэлэгийн тасагт оношлох кабинетийн эрхлэгч эмчээр, 1990-1992 онд сумын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар, 1992-2000 онд сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч, “Ветхоз” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.Сумын депутатаар 3 удаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 1 удаа, АИХ-ын депутатаар 1 удаа сонгогдсон.

ГҮРИЙН БАТБОЛД

ГҮРИЙН БАТБОЛД

 /АИХ-ын 182-р тойргийн депутат/

               1946 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Овоо сумын Баянгол гэдэг газарт малчин ард С.Гүрийн 3 дугаар хүү болон төржээ. 1955-1959 онд Цагаан-Овоо сумын бага сургууль, 1959-1965 онд Төмөр зам Чойбалсан хотын 7, 10 жилийн дунд сургууль, 1965-1970 онд ХАА-н дээд сургууль, 1983-1985 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль төгсөж Мал зүйч мэргэжил улс төрийн дээд боловсрол эзэмшсэн байна.

1970-1972 онд Онон сангийн аж ахуйд, 1973-1980 онд Халхгол сумын Ялалт нэгдэлд ерөнхий зоотехникч, 1980-1983 онд Хөлөнбуйр сумын Барга хонины улсын үржил фермийн дарга, 1985-1986 онд Сэргэлэн сумын АДХ-ын  гүйцэтгэх захиргааны зөвлөлиин дарга, “Баялаг” ББХК-ийн захирал, нэгдлийн зоотехникч, 1996-2004 онд Цагаан-Овоо сумын Засаг дарга зэрэг ажил хийж явсан төрийн түшээ байлаа.

Тэрээр 1978 онд ОХУ-ын Эрхүү хотын ХААДС, 1987 онд Улаанбаатар хотын ХААДС-д тус тус мэргэжил дээшлүүлж, 1986 оноос МАХН-ын Хорооны гишүүн, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж ардчилсан шинэ үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн томьёолол оруулан батлуулсан юм. Үүний үр шимийг олон зуун малчид өнөөг хүртэл хүртэн амьдарч, буянт мал сүргээ сая саяаар өсгөн бойжуулсаар байгаа билээ.

ЧИМЭДИЙН НАМСРАЙ

ЧИМЭДИЙН НАМСРАЙ

 /АИХ-ын 183-р тойргийн депутат/

                1937 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ихэрт гэдэг газар мэндэлсэн. 1957-1960 онд Дотоодын цэргийн 05 дугаар тусгай хороонд цэрэг бага дарга, 1960-1969 онд мөн ангидаа салаа, ротын захирагч, штабын орлогчоор ажиллаж байгаад 1969-1973 онд Намын дээд сургуулийг онц дүнтэй төгссөн. Улмаар 1973-1976 онд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядын Улс төрийн хэлтсийн дарга, 1976-1978 онд Хилийн ба дотоодын цэргийн Улс төрийн газарт Намын байгууллагын хэлтсийн дарга, Улс төрийн газрын орлогч дарга, Намын комиссын гишүүн, 1978-1984 онд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газарт боловсон хүчний хэлтсийн дарга, Цэргийн зөвлөлийн гишүүн, 1984-1990 онд Баян-Өлгий аймаг дахь Хилийн 1 дүгээр отрядын захирагч, Монгол улсын Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, Монгол-Хятадын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, 1990-1994 онд Дорнод аймаг дахь Хилийн 24 дүгээр отрядын захирагч, Монгол-Хятадын хилийн Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан.

1984-1990 онд Баян-Өлгий аймгийн Ардын Хурлын депутат, 1990-1994 онд Дорнод аймгийн Ардын Хурлын депутат, Иргэдийн Хурлын төлөөлөгч, 1990-1992 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын Ардын Их хурлын 183 дугаар тойргийн депутат, 1989 онд МАХН-ын Онц их хурлын төлөөлөгч зэрэг сонгуульт үүрэг хүлээж явсан.

1958 онд МАХН-д гишүүнээр элсэж 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцах ажилд гар бие оролцож явсан бөгөөд Монгол улсын хил хамгаалалт, улс эх орныхоо бүтээн байгуулалтын үйлсэд хүчин зүтгэж явсан ахмад хилчин, бэлтгэл хурандаа юм.

СОЁЛСҮРЭНГИЙН БИЛЭГСАЙХАН

СОЁЛСҮРЭНГИЙН БИЛЭГСАЙХАН

 /АИХ-ын 184-р тойргийн депутат/

            1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Новосибирск хотын Барилга инженерийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Мөн 1982 онд Новосибирск хотын Намын дээд сургуульд улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. 1988 онд Монгол улсын ШУТИС-д барилгын инженерийн мэргэжил дээшлүүлж, 1995 онд Конрад Аденауэрын сангийн дэргэдэх дээд шатны менежментийн курс, 1998 онд Япон улсад дэлхий залуу лидер сургалт, 2000 онд Удирдлагын академийн докторантурт суралцан тус тус төгссөн. Техникийн ухааны магистр. Олон улс судлалын профессор.

1983-1989 онд ТТҮБ Трестэд мастер, инженер, даамал, талбайн дарга, 1989-1990 Зөвлөлтийн барилгын СОТ-2 трестэд барилгын албаны дарга, 1989 оноос МоАХ-ны гишүүн, МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч, МоАН-ын УТЗТ-ийн ухуулагч (лектор), 1990-1991 онд МоАН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1999-2000 онд МоАХ-ны дарга, 2000 онд МоАН-ын дэд дарга, 1991 оноос “Билэг” ХХК-ийн ерөнхий захирал, 2000 оноос Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн болон Монгол-Европын холбооны ерөнхийлөгч,   2002-2004 онд Европын холбооны TACIS хөтөлбөрийн дагуу Чойбалсан хотод хэрэгжүүлсэн хогны менежментийн төслийн менежер, 2008 оноос MCDG группын дэд ерөнхийлөгч, 2009 оноос Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн хяналтын зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байв.

 ДОВДОНГИЙН ЖАНЦАН ДОВДОНГИЙН ЖАНЦАН

/АИХ-ын 185-р тойргийн депутат/

             1947 онд Говь-Алтай аймгийн  Дарви сумын нутагт төрсөн. 1970 онд МУИС-ийг төгсөж нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 1986 онд Намын дээд сургуулийг Удирдахуйн ухааны мэргэжлээр, 1977 онд Орос улсад ХАА-г эдийн засгийн аргаар удирдах мэргэжлээр тус тус төгссөн.

1988 онд эдийн засгийн, 1990 онд удирдахуйн ухаанаар тус тус магистрын зэрэг хамгаалсан.

Д.Жанцан нь 1970-1976 онд Дорнод аймгийн гүйцэтгэх захиргааны ХАА-г удирдах газар ерөнхий нягтлан бодогч, газрын орлогч дарга бөгөөд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, 1977-1984 онд Баян-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Онон САА-н даргаар, 1985-1990 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд аймгийн Төлөвлөгөө, эдийн засгийн хорооны даргаар ажиллаж байсан.

1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, дэд хорооны даргаар, 1992-1998 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, Засгийн газрын Референт, 1998-2005 онд Хилийн цэргийн удирдах ерөнхий газарт албаны дарга, Сангийн яамны Өр зээл барагдуулах газрын тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшилд МАА, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.

РАДНААЖАВЫН ЧОЙЖИННЯМ

  РАДНААЖАВЫН ЧОЙЖИННЯМ

   /АИХ-ын 186-р тойргийн депутат/

            Р.Чойжинням нь 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Жараахайн голд төрсөн. 1953 онд Алтанбулагийн техникумд орж суралцаад 1957 онд дунд мэргэжлийн Зоотехникчээр төгсөж Баян-Уул сумын Онон САА, Чулуунхороот сумын САА-нуудад дунд мэргэжлийн Зоотехникчээр ажиллаж байгаад 1960 онд ХАА-н дээд сургуулийн зоотехникийн ангид суралцаад 1965 онд дээд мэргэжлийн Зоотехникч болж төгсөөд Халхголын Ялалт нэгдэлд зоотехникчээр ажиллаж байв.

ХАА-н яамны сайдын тушаалаар Чулуунхороот сумын Эрээнцавын САА-д 1966 онд Ерөнхий зоотехникчээр томилогдон ажилласан.

1968 онд зоотехникчийн нарийн мэргэжил эзэмших дээд курсэд ЗХУ-ын Ставропольскийн хязгаарын ХАА-н дээд сургуульд суралцаж 1969 оны 11 дүгээр сард төгсөж ирээд мөн оны 12 дугаар сард Чулуунхороот сумын Эрээнцавын  САА-н даргаар томилогдон ажилласан.

1982 оноос 06 дугаар сараас Дорнод аймгийн МАА-н эрдэм шинжилгээний туршлага станцын даргаар томилогдож, 1983 оны 08 дугаар сард Цагаан-Овоо сумын Галуут нэгдлийн даргаар аймгийн Намын хорооны шийдвэрээр томилогдож 1988 оны 02 дугаар сар хүртэл ажилласан.

Чулуунхороот суманд очиж анхны сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байхдаа 1990 оны сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдсон байна.

ОЧИРЫН ОЧИРЖАВ

 ОЧИРЫН ОЧИРЖАВ

/АИХ-ын 187-р тойргийн депутат/

                1960 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт төрсөн. 1968-1978 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургууль, 1978-1984 онд Москва хотын Олон улсын гадаад харилцааны дээд сургуулийг дүүргэж, олон улсын хууль зүйн мэргэжил эзэмшсэн. МоАН-ын гишүүн байлаа.

О.Очиржав нь 1984 оноос Гадаад явдлын яамны консулын газарт дипломат ажилтнаар ажиллаж байгаад 1990 оноос Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.

1992 оноос ГХЯаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2000 оноос Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байв.

2004 оноос Гадаад хэргийн яаманд Консулын газрын даргаар ажиллаж байлаа.

Одоо Монгол улсаас Турк улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байна.

БАТСҮХИЙН БУЯНДЭЛГЭР

 БАТСҮХИЙН БУЯНДЭЛГЭР

/АИХ-ын 188-р тойргийн депутат/

             1960 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 1984 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.1990 онд Москва хотын Залуучуудын хөдөлгөөний Дээд сургуулийн Удирдах ажилтны курс, 2009 онд БНЭУ-ын Хадерабад хотын Гадаад хэл ба англи хэлний Их сургуулийн Англи хэлний курс тус тус төгссөн.

             1984-1989 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд аймгийн даргын туслах бөгөөд гадаад харилцаа, ёслол үйлчилгээ хариуцсан референт, хуулийн хэлтсийн ахлах зөвлөх-кодификаторч мөн хэлтсийн дарга, хууль зүйн арбитрын хэлтсийн ахлах зөвлөх, ахлах арбитрч, 1990-1991 онд Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1991-1993 онд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд хувийн хэвшилд тус тус ажиллаж байсан бөгөөд 2009 оноос УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах референтрээр ажиллаж байсан.

 

ДАШЦЭРЭНГИЙН БАЯРЦЭНГЭЛ

ДАШЦЭРЭНГИЙН БАЯРЦЭНГЭЛ

 /АИХ-ын 189-р тойргийн депутат/

                 1964 онд Чойбалсан хотод төрсөн. 1981 онд Чойбалсан хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. 1981 оноос Ардын армид цэргийн алба хаасан. 1984-1989 онд МУИС-д элсэн суралцаж, Цаг уурын инженерийн мэргэжил эзэмшсэн.

Д.Баярцэнгэл нь 1989 оноос  оноос Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах  газарт инженер байцаагчаар ажиллаж байсан. 1989-1990 онд Дорнод аймгийн БОХГ-ын Аэрологийн инженер ажлыг тус тус хашиж байсан. 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, 1992-1993  онд Улс төрийн боловсролын академийн захирал, 1994-1996 онд “Женко” ХХК-ийн дэд захирал, 1996-1998 онд УИХ-ын гишүүний биет төлөөлөгч, орон тооны бус туслах, 1998-1999 онд “Анаахай” хэвлэлийн газрын захирал, 1999-2001 онд “Зориг” сангийн Дорнод аймаг дахь төслийн менежер, 2001-2004 онд Дорнод аймгийн “Фэлт” ХХК-ийн захирал, 2004-2007 онд Дорнод аймгийн “Ганхэрлэн” ХК-ийн ерөнхий менежер, 2009-2011 онд “Тэрх чулуу” ХХК-ийн захирал, 2007-2008 онд ХХААЯ-ны Тариланг дэмжих сангийн Хөрөнгө оруулалтын албаны даргаар тус тус ажиллаж байв. 1990-1992 онд АИХ-ын депутат, Дорнод аймгийн Чойбалсан хотын АИХ-ын депутатаар сонгогдож байлаа. 2001 оноос БОХХ-ны Зүүн бүсийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн, 2010 оноос “Миний нутаг-Халхын гол” ТББ-ын УЗ-ийн даргаар тус тус сонгогдож байсан.

СҮХБААТАРЫН ПҮРЭВЖАВ

СҮХБААТАРЫН ПҮРЭВЖАВ

 /АИХ-ын 190-р тойргийн депутат/

          1948 оны 01 дүгээр сарын 07-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баян-Уул хэмээх газар нутгийн малчин ард Ц.Чойжинжавын 2 дугаар хүү болж төрсөн. Гурван насандаа авга ах Д.Сүхбаатарынд үрчлэгдсэн. 1956 оноос Халзан сумын бага сургуульд орсон.1960 онд бага сургуулиа төгсөж Хонгор сумын 7-н жилийн дунд сургуульд сурч 1963 онд төгссөн. Сүхбаатар аймгийн төвийн 10-н жилийн дунд сургуулийг 1967 онд төгсөж, Анагаах ухааны дээд сургуульд элссэн. 1972 онд Хүний их эмч мэргэжил эзэмшиж Дорнод аймгийн Дашбалбар сумын Сум дундын больницод мэс заслын эмчийн ажил хийж байгаад 1974 оны 7 дугаар сараас аймгийн Нэгдсэн эмнэлэгт БОЭТ-д мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, цусны станцын эрхлэгч, эмгэг судлал, шүүх эмнэлэгийн эмч, дүрс оношилгооны тасгийн эмч зэрэг ажлуудыг хийж байгаад 2010 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Монгол улсын хүний Гавьяат эмч цолтой, Монгол улсын Хүндэт донор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын, ардчилсан хувьсгалын, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдсан.

Эрүүл мэндийн, Улаан загалмайн Дорнод аймгийн ба Чойбалсан хотын, Сүхбаатар аймгийн Халзан сумын хүндэт иргэн.

БАТЖАРГАЛЫН ЛХАНААСҮРЭН

 БАТЖАРГАЛЫН ЛХАНААСҮРЭН

     /АИХ-ын 191-р тойргийн депутат/

                  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт Дэвүүр гэдэг газар 1951 онд төрсөн. Бага дунд сургуулийг Жаргалант, Шинэ идэр сум, Мөрөн хотод дүүргэж, улмаар тэр үеийн ЗХУ-ын Иркутскийн Улсын их сургуулийн бэлтгэл анги, 1976 онд Москва хотын Тээврийн инженерийн дээд сургуулийг Төмөр замын Зам гүүрийн инженер мэргэжлээр төгсөж ирээд Дорнод аймагт УБТЗ-ын Баянтүмэн тасагт ажилласан байна.

 1980 оноос Баянтүмэн тасгийн орлогч бөгөөд замын 5 дугаар ангийн дарга, 1990-1993 онд тасгийн даргаар ажиллаж байв.

Мөн 120 км урт Мардайн төмөр зам баригдаж ураны хүдэр ид тээвэрлэгдэж, Зөвлөлтийн цэргийн ангийг гаргах нөр их ажлыг амжилттай гүйцэтгэсэн билээ.

Энд ажиллах хугацаандаа 1990 онд МАХН-ын Онц их хурлын төлөөлөгч, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *