IMG_0032

“Манна хөгжил” ТББ-аас зудын нөхцөл байдалд буй 270 малчин өрхөд тусламж үзүүлэв

2017 оны 01-р сарын 12-ны өдөр “Манна хөгжил” ТББ-аас зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад тусламж үзүүлээ. Тусламж олгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, “Манна хөгжил” ТББ-ын тэргүүн С.Чимгээ болон Баян-Уул сумын удирдлагууд оролцлоо. 2016 оны 10 дугаар сард  аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат “Манна хөгжил” ТББ-д хүсэлт тавьсны дагуу Баян-Уул сумын 180 өрхөд, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумдын 90 өрх, нийт 270 өрхөд тусламжийн үйл ажиллагаа хүргэж буй юм.

IMG_0012 IMG_0013

2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь малчдад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд, малжуулах, худаг гаргах, гамшгийн үеийн тусламж зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөнгөн дүнгээр нийт 70 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож байгаа бөгөөд, нэг өрхөд хагас тонн нүүрс, шуудай түлээ, 25 кг гурил, 5 кг цагаан будаа болон өвлийн дулаан куртик хоёр ширхэг, дулаан гутал зэрэг тусламж үзүүллээ. Буцалтгүй тусламжийг айл өрхийн амьжиргааны түвшинг харгалзан олгож буй юм. Тус байгууллага нь өнгөрсөн онд Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр сумын түймрийн үеийн гамшигт нэрвэгдсэн 60 өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байсан юм.

IMG_0024

Дорнод аймгийн хувьд өнгөрөгч аравдугаар сарын 03-наас эхлэн олон удаагийн давтамжтай  цас орсны улмаас цасны зузаан зарим сумдаар 25-30 см хүрчээ.  Тус аймагт гарсан Хаврын түймрээс болж өвсний гарц муу байсан, намар орой бороо их орж, цочир хүйтэрсний улмаас  хөрсөнд шингэж амжилгүй  их цасны дор мөстсөн нь малчдын өвөлжилтийн байдал хүндрэхэд хүргэжээ.

IMG_0021

Дорнод аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил 96.6 хувийн биелэлттэй байгаа хэдий ч өвөлжилт хүндэрсэн энэ үед аймаг орон нутгийн зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Орон нутгийн нөөц бололцооноос гадна тусламжийн  Олон улсын болон Төрийн бус байгууллагад хүсэлт тавьсан нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.

IMG_0030

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *