IMG_0004

Сургууль, цэцэрлэгүүд хичээллэнэ

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж томуу, томуу төст өвчний улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.

Аймгийн онцгой комисс аймгийн Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/04 тоот “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжаар  Хэрлэн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 17.6 хувийг эзэлж байгаатай холбогдуулан 2017.01.05-01.12-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хааж, холбогдох бусад арга хэмжээг авч ажилласан.

Дээрх хугацаанд захирамжийг хэрэгжүүлж ажилласнаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэг 15.4%-иас 9.6% болж, 2-4 нас буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ. Цэцэрлэгийн насныхны өвчлөл буурсан хэдий ч 0-1 насны хүүхдүүд, мөн насанд хүрэгчдийн өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 36 ортой, одоогийн байдлаар Арьсны тасгийг чөлөөлөн нийт 61 ортой ажиллаж байна. Сумдаас Хөлөнбуйр, Гурванзагал сумдад өвчлөл өндөр байгаа ажээ.

Аймгийн онцгой комиссын хуралдаанаар Томуу, томуу төст өвчний өвчлөл аймгийн хэмжээнд 15%-иас буурсан тул сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ болон ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг маргааш буюу 2017.01.12-ны өдрөөс эхлэн хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Өвчлөлийг нэмэгдүүлэхгүй үүднээс сургууль, цэцэрлэгүүдэд “Угтах үйлчилгээ”-г мэргэжлийн эмчтэй хамтран зохион байгуулж томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг хичээлээс чөлөөлөн эмчлүүлэх, өвчлөл өндөр сумдад мэргэжлийн баг ажиллуулах шаардлагатай талаар чиглэл өглөө.

Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг үргэлжлүүлэн тогтмол түгээх, захирамжийн дагуу 2017.03.01-ний өдөр хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт ажиллуулах, хүүхдүүдийн дунд төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэгт хяналт тавьж ажиллан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.

IMG_0002

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *