Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний чуулган зөвөлгөөнүүдийг зохион байгуулж байгаа билээ.Өнгөрсөн 2-р сард Дархан-Уул аймагт “Ахмад настны хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” зөвлөгөөнийг, Эрдэнэт хотод “Эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг , өнгөрсөн 5-р сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалалын  шинэчлэл- бодлого” үндэсний чуулганаа тус тус амжилттай зохион байгуулсан билээ.

Монгол бол залуучуудын орон. Манай улсын хүн амын насны бүтцийн хувьд, дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй залууд тооцогддог. 2012 оны байдлаар нийт хүн амын 33,8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Аливаа улс орны ирээдүйн хөгжлийг залуучууд тодорхойлж байдаг учраас тэдэнд хандсан төрийн оновчтой бодлого зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа Шинэчлэлийн засгийн газрын зүгээс залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнй бүтцэд жлийн асуудлыг хариуцсан бие даасан хэлтсийг байгуулан залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

ХАХНХЯ  “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого зорилт” залуучуудын чуулганыг 2013 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөгөөт ажлаа эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд бүх 21 аймаг, сумуудад салбар, нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна.

2013 оны 5-р сарын 13-ны өдөр Дорнодын залуучууд аймгийнхаа нэгдсэн  чуулганыг зохион байгууллаа. Аймгийн залуучууд нэгдсэн чуулганаасаа өмнө “Залуучуудын эрүүл мэнд, боловсрол”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт , нийгмийн хамгаалал” сэдэвт 2 салбар хуралдаанаа хийж, эндээс гарсан санал зөвлөмжөө нэгтгэн Дорнод аймгийнхаа нэгдсэн чуулганаа хийсэн юм. Чуулганд аймгийн 14 сумын нийт 420 гаруй төлөөлөгч оролцлоо.

Монгол орны зүүн хязгаарт байрлах Дорнод аймгийн хувьд 75 мянга гаруй хүн амтай. 43 мянга  буюу нийт аймгийн хүн амын 57 хувь нь аймгийнхаа төвд амьдардаг юм байна. Бусад аймгуудтай харьцуулахад аймагтаа төвлөрөл ихтэй учраас ажилгүйдэл, ядууралтай нэн тэргүүнд тэмцэх шаардлагатай хэмээн аймгийн засаг даргын орлогч Л.Хишигтогтох хэлсэн.

Дорнодын залуучууд нэгдсэн чуулгандаа ихээхэн ач холбогдол өгч байлаа. Энэ чуулган тэдний дуу хоолойг нэгтгэн, өмнөө тулгамдаж буй олон асуудлыг төрд уламжлах гүүр боллоо хэмээн тодорхойлсон. Ялангуяа Шинэчлэлийн засгийн газар улсынхаа  ирээдүй  хөгжлийн бүтээх залуучуудад чиглэсэн төрийн бодлого хөтөлбөр баримтлан, хэрэгжүүлж байгаад талархаж байлаа.  Учир нь аймгийн нийт хүн амын 33 хувийг залуучууд эзэлдэг. Хүн амын дийлэнх хувийг эзэлдэг залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах чин хүсэлтэй байдаг ч тэдний нийгмийн асуудал хүндхэн байдаг тухайгаа учирласан. Ялангуяа сумдуудад төрийн, хувийн хэвшилд ажиллахаар  зорин очих  залуучуудын байр орон сууцны асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас урам зориг мохдог тухайгаа ч хэлж байлаа. Нөгөөтэйгүүр Дорнод аймаг бол үйлдвэржсэн аймаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч жижиг дунд үйлдвэлэлийн зээлд хамрагдах хүсэлтэй өргөдөл саналын 70 хувийг залуучууд эзэлдэг ч барьцаа хөрөнгийн асуудлаас болж , зээл тусламжаас хоцордог гэж байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд нийт залуучуудын ердөө 30 хувь л хамрагдах боломжтой гэлээ. Тэгэхээр тэдний хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг нь дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд залуучуудыг түлхүү хамруулах бодлого хөтөлбөрийг чиглүүлэх хэрэгтэй гэдэгт дээр Дорнод аймгийн залуучууд санал нэгдэж байлаа.

Дорнод аймгийн “залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” чуулганд аймгийн засаг даргын орлогч Л.Хишигтогтох, аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Байгалмаа, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Саран, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлстийн дарга    А.Нансалмаа нар болон аймаг сумдын шилдэг залуучууд оролцсон.

Залуучууд бол нийгмийн хөгжлийг авч явах хүч бололцоо. Тэр ч утгаараа Дорнодын залуучууд улсынхаа, аймгийнхаа хөгжилд гар бие оролцож, дуу хоолойгоо нэгтгэж чадсанаар чуулганаа амжилттай өндөрлөсөн. Чуулганаас гарсан санал зөвлөмжийг Улаанбаатар хотод болох үндэсний чуулганд төлөөлөгчийн хамт хүргүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *