Тал сайхан нутгийн хөдөлмөр бүтээлч зон олондоо айсуй шинэ оны мэндийг дэвшүүлж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж Та бүхэндээ шинэ жилийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.  Хувь хүн, айл өрх бүр хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн билгэддэг шинэ жилийн баяр бол өнгөрснөө эргэцүүлж, ирээдүйгээ төсөөлөх боломжийн аль алиныг олгодог билээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон бид Та бүхэнтэйгээ амжилт, ололт, дурсамж сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөч ойртсоор байна.
Өнгөрч буй 2013 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан чухал үйл явдлаар баялаг байлаа.
Улс орны эдийн засгийн цар хүрээ өргөжиж байгааг даган улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдэж, 2013 онд Дорнод аймагт төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр нийт 41,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр хичээж зүтгэсэн олон хүн 2013 онд амжилтын эзэд болцгоов. Тэдний дотроос манай үйлдвэрлэгчид, спорт урлагийхан, уран бүтээлчид, өнгөтэй байлаа.
Мөн 2013 онд  ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2606 иргэнийг ажлын байраар хангасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2013 он та бидэнд  урам зориг амжилт, ялалт ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна. Ирж буй 2014 он та бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бүхний нэгэн адил итгэл төгс байна. Миний бие аймгийн Засаг даргаар сонгогдож нар тоссон тал сайхан нутгийнхаа бүтээлч хөдөлмөрч зон олон та бүхэнтэйгээ хамтран ажиллахад түмэн олны дэмжлэг, санал санаачлага, хамтын зүтгэлийн үр дүнд олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэн зорьж байна.
Надад итгэл үзүүлж аймгийн Засаг дарга хэмээх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хүлээлгэж,  дэмжиж,  туслан хамтран ажиллах хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирэх онд өнгөрч буй оныхоо ажлаа үргэлжлүүлэн их их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийг та бүхэндээ уриалж байна
Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололт, аз хиймориор дүүрэн байх болтугай.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *